Архаг стрессийн үр дагавар болон түүнийг арилгах арга
Бодит зүйл үү? эсвэл хийсвэр зүйлд санаа зовоод байна уу?, өдөр тутмын бага зэргийн стресс үү? эсвэл бүр аюултай байдал уу?, үхэл, зовлонгоос болоод байна уу? гэдгийг бидний бие махбод харамсалтай нь ялгадаггүй бөгөөд эдгээр нь их бага ямар ч байлаа ялгаагүй стресс хариу үйлдэл хийх гох дэгээ болдог.
Энэ нь цааш даамжирч нэмэгдсээр архаг стрессийг үүсгэн эрүүл мэндийн ноцтой байдалд оруулж эхэлнэ. Архаг стресс нь таны бие махбодийн бараг бүх эрхтэн системд нөлөөлнө. Цусны даралтыг тогтворгүй болгож, дархлааны системийн үйл ажиллагааг сааруулж, зүрхний шигдээс болон тархинд цус харвах эрсдлийг нэмэгдүүлж, үргүйдэлд хувь нэмрээ оруулж, хөгшрөлтийн үйл явцыг хурдасгана. Урт хугацааны стресс таныг сэтгэл санаа болон, оюун ухааны хувьд доройтуулна.
Стрессээс болж доорх өвчнүүд үүсэх буюу хурцaддаг.
Үүнд :
- Бүх төрлийн өвдөлтүүд
- Зүрхний өвчин
- Хоол боловсруулах системийн өвчин
- Нойрны өөрчлөлт
- Сэтгэл уналт
- Жин нэмэх буюу хасагдах
- Дархлаа гажуудлын өвчнүүд
- Арьсны өвчнүүд, экзем загатнаа
- Зан төрхийн өөрчлөлт
СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛАХ
Хяналтгүй стресс нь таны бодож байгаагаас ч илүү хор хөнөөл учруулдаг. Ихэнх хүмүүс стрессийн дараа түүнийг тайлах гэж буруу замаар оролдон байдлыг улам дордуулдаг. Дарамттай өдрийн эцэст архи, дарс хэтрүүлэн хэрэглэх, хэт их хоол идэж ходоодоо дүүргэх, компьютер, зурагтын өмнө удаан суух, эсвэл эм хэрэглэн тайвшрах гэж оролддог. Жишээ нь архи дарсыг стресс тайлах зорилгоор хэрэглэсээр цааш түүнд донтох эх үүсвэрээ тавих ба эхний үед сэтгэл амарч буй мэт байвч цаашид стрессийг улам гүнзгийрүүлж сэтгэл уналтанд ( депресс) оруулдаг. Энэ үед бүх л зүйл болохгүй байгаа мэт санагдаж, сэтгэлийн улам хүнд дарамтанд ордог... г.м стресс таныг хөтлөн та өөрийн мэдэлгүй түүний эргүүлэгт автагдан орчин тойрноо бодит байдлыг зөв дүгнэх чадваргүй болдогоороо аюултай юм.
Гэв ч стрессийг даван туулах олон эрүүл аргууд байна.
Хүн бүрийн стресс нь өвөрмөц өөр өөр тул түүнд хариу үзүүлэн, даван туулахад нэгэн ижил шийд гэж байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ямар арга таныг тайвшруулж байна түүгээрээ л шийдэх хэрэгтэй байдаг.
СТЕССИЙГ ХЭРХЭН ЗӨВ УДИРДАН ЗАЛАХ ВЭ?
Хэдийгээр стресс хяналтаас гарч байгааг мэдэрч байсан ч гэсэн та хариу үйлдлээ хянах чадвартай байдаг. Тиймээс таны бодол санаа, сэтгэл хөдлөл, ажлын хуваарь, өөрийн байгаа орчин зэргээсээ хамаарч асуудлыг зөв шийдвэрлэх арга замыг олж авах нь чухал.
Стрессийг зөв залж удирдаж чадсанаар та өөртөө тайвшрах цаг хугацаа гаргаж чадахгүй байгаа үед ч гэсэн анхаарал халамж тавьж, амрах, тайвшрах боломжийг олж авна. Стрессийг давж туулах хамгийн энгийн арга замууд гэвэл:
Хөдөлгөөн
Бие махбодын идэвхтэй байдал, үйл ажиллагаа нь стрессийг тайлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Байнга гараа мөн хөлөө аль алиныг нь хөдөлж байхыг шаарддаг хөдөлгөөнүүд ашигтай байдаг. Алхах, гүйх ялангуяа усанд сэлэх, бүжиглэх болон аэробикийн дасгал хийх нь анхаарал төвлөрөлтийг их шаарддаг. Эдгээр хөдөлгөөнүүдийг хийснээр стресст төвлөрч байсан байдал хийж буй хөдөлгөөн рүү шилжсэнээр мэдрэлийн системийг хэвийн тэнцвэрт байдалд буцаахад туслах болно.
Итгэлтэй дотно найз нөхөртэйгээ ярилцах
Найзтайгаа хамт сууж стресс үүссэн нөхцөл байдлыг тунгаан хэлцэж ярилцсанаар таны тархи, зүрх нэгэн сэжмээр найзтайгаа холбогдоно. Сэтгэл зүрхээ уудлан нээснээр тайвшруулагч дааврууд ялгаран гарч, хэдийгээр стресстэй нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байлаа ч гэсэн хүнд байдлыг бууруулах болно. Сэтгэл зүрхээ нээнэ гэдэг нь сул дорой болоод бусдад дарамт болж буйн шинж биш юм. Үнэндээ ихэнх найз нөхөд тань итгэж сэтгэлээ нээсэнд баярлах бөгөөд, найзын дотно холбоо улам бэхжихэд нэмэр болно. Мөн доорх дөрвөн санамжийг танд зөвлөж байна.
- Зайлсхийх
- Өөрчлөх
- Дасан зохицох
- Хүлээн авах.
Хэрэгцээгүй стрессээс зайлсхий
Мэдээж бүх стрессээс зайлж чадахгүй. Хийх ёстой, ёсгүй зүйл гэдгийг ялгаж, тодорхой үед үгүй гэдэг үгийг зөв нөхцөлд хэлж сурсанаар өдөр тутам үүсэх жижиг сажиг стрессүүдээс зайлсхиийж чадна.
Нөхцөл байдлыг өөрчлөхийг хичээ
Хэрэв та стресстэй нөхцөл байдлаас зайлсхийж чадахгүй байгаа бол түүнийг өөрчлөхийг хичээх хэрэгтэй. Асуудалд илүү нааштай хандахыг бод. Энэ тухай Дээрхийн Гэгээн Далай Лам ийнхүү өгүүлсэн байна.
Хэрвээ асуудлыг зөвхөн сөрөг талаас нь хараад байвал энэ нь шийдлийг олоход тус болохоос илүүтэйгээр сэтгэлийн амар амгаланг үгүй хийдэг юм. Бүх юм харьцангуй байдаг. Хэрэв та нөхцөл байдлыг сайн тунгаан харах юм бол эерэг зүйлээс ч эмгэнэлт байдлыг олж болно. Хэрэв та үнэмлэхүй эцсийн байдлаар сөрөг нөхцөл байдлыг хүлээн авч байгаа бол түгшүүр болон санаа зовнилоо нэмэгдүүлж, нөхцөл байдлыг илүү өргөн хүрээтэй болгон төсөөлж, үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ хандлага нь миний туршлагаас болон миний амьдралд байнга тусладаг буддын гүн ухаанаас надад мэдрэгддэг.
хэмээжээ.
Дасан зохицохыг оролд
Та стресс үүсгэсэн хүчин зүйлийг өөрчилж чадахгүй байгаа бол өөрийгөө өөрчлөхийг оролдоорой. Бухимдуулж байгаа зүйлийнхээ сайн эерег талыг олж харахыг хичээ. Хамгийн их бухимдуулаад байгаа ажил байвал, түүнийхээ аль сонирхолтой хэсгээс нь эхлэж болох юм. Магадгүй асуудлыг эерэг талаас нь харахад ингэж бухимдах хэрэг байсан ч юмуу ? гэж бодогдох ч юм билүү.
Хүлээн зөвшөөр
Хэрэв бухимдаж байгаа зүйлийнхээ эсрэг та юу ч хийж чадахгүй, түүнийг даван туулах боломж байхгүй байгаа бол түүнийг хүлээн зөвшөөр. Байгаагаар нь хүлээн авснаар та дарамт, бухимдлыг багасгах болно. Заримдаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн нь танд суралцах, өсөн дэвжих боломж ч авчирч мэднэ.
Таны бүх зүйл өв тэгш, төгс төгөлдөр биш гэдгийг хүлээн зөвшөөрч сур.
Амралтынхаа үеэр йог, бясалгал, гүн амьсгалын дасгал гэх мэт тайтгарлын аргаар биеийн алжаал тайлах аргуудыг эрэлхийлэх нь стрессийг давах ач холбогдолтой.
Эрүүл хоолны дэглэм сахь
Сайн тэжээллэг хоол унд нь стресс бухимдлыг даван туулахад ихээхэн тустай. Өдрийг эрүүл хүнс бүхий өглөөний цайгаар эхэлж, каффейн, элсэн чихрийн хэрэглээг бууруулан, архи, тамхины хэрэглээгээ аль болох зогсоох хэрэгтэй.
Сайн унтаж амар
Хэт их ядрах нь бухимдалтай байдлыг улам нэмэгдүүлдэг. Тогтмол цагт унтаж, энэ үедээ өрөө тасалгаагаа сэрүүн байлгавал нойронд сайнаар нөлөөлдөг.
Заримдаа стресс дарамтыг даван туулах арга механизм хангалттай биш, дээрхи хөтөлбөр, аргуудыг хэрэгжүүлэх боломжгүй юм шиг байвал танд нэмэлт тусламж хэрэгтэй болж магадгүй. Үүнд:
Стресс бухимдлыг хурдан хугацаанд арилгах арга
Үүнд та өөрийн мэдрэмжээрээ харж, сонсож, үнэрлэж, амтлан, хүрэлцэх мэдрэхүйгээрээ дамжуулан ашиглах явдал юм. Жишээ нь, хөгжмийн дуртай хэсгээ сонсож, өрөө тасалгаанд тодорхой сайхан үнэр ханхлуулах, дуртай зургaa үзэх, амтат зүйлс идэх эсвэл амьтан тэврэх, тэжээх бүрдээ та хурдан амарч, түүнд анхаарлаа хандуулах болно. Мэдээж хэрэг, хүн бүрийн мэдрэхүй адил биш учир үүнд өөр өөр хандлагаар хариулна. Дээрх үйлдлүүд зарим хүнийг тайвшруулж байхад заримыг нь цочроож ч мэднэ. Гол нь мэдрэхүйн энэ туршилт дээр үндэслэн та бухимдлаа тайлах хамгийн сайн аргыг мэдэж авах юм.
Сэтгэл зүйн холбоос
Бусдаас өөрийгөө тусгааралан сэтгэл санаагаа ганцаардуулах нь улам их архаг стресст орох зам руу хөтөлдөг. Сэтгэл хөдлөлөө зөв зохицуулан удирдаж, бодол санаагаа тэнцвэржүүлжэхэд суралцах нь чухал. Амьдралд хэт өсөлт, бууралттай явах албагүй. Хэрэв та өөрийн сэтгэл хөдлөлөө ямарч хэцүү үед байсан гэсэн зөв зохицуулж, болзошгүй аюулаас зайлсхийж чадахад суралцаж чадвал энэ нь таныг дараа нь харамсах зүйлгүй болгож, шинэ эрч хүч оруулж, амьдралыг тань тэгшитгэхэд тусална.
Хэрэв та дээр дурдсан ур чадваруудыг эзэмшиж чадвал хурдан хугацаанд өөртөө сэтгэлийн тэнцвэрт байдлыг эргүүлэн авчрах боломжтой болно гэдгээ мэдэж, дарамтат сорилтот бэрхшээлүүдийг амжилттай даван туулах итгэл дүүрэн болноо.
Эх сурвалж: naked-science