Туркт сургуулиуд хаагдаж, Францад өвчлөгсдийн тоо 2 саяыг давав
Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган коронавирусын халдварын тархалтыг бууруулахын тулд хөл хорионы дэглэмийг чангатгаж буйг мэдэгджээ.
Тодруулбал, Турк даяар сургуулиудын үйл ажиллагааг энэ семестрийг дуусах хүртэл зогсоож байгаа ба амралтын өдрүүдээр оройны 8 цагаас өглөөний 10 цаг хүртэл хөл хорио тогтоох гэнэ. Баар, зоогийн газрууд, хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд болон гоо сайхны салонууд өглөө 10-аас 22 цаг хүртэл ажиллах аж. Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Туркт коронавирусын халдвараар 420 мянга орчим хүн өвчилж, уг вирусын халдварын улмаас 11 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.
Тэгвэл Францад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 2 саяыг даваад байна. Францын Эрүүл мэндийн яамны Ерөнхий удирдлагын тэргүүн Жером Саломоны мэдээлснээр коронавирусын халдвар авсан иргэдийн тоо сүүлийн хэдэн өдөр дараалан буурч байгаа аж.
Өнгөрсөн 24 цагийн дотор Францад 33 500 хүн коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэж, 437 хүн уг вирусын халдварын улмаас нас баржээ. Ингэснээр тус улсад КОВИД-19 өвчнөөр нас барагсдын тоо 46 200-г давжээ. Францын Ерөнхий сайд Жан Кастекс өнгөрсөн сарын 30-наас эхлэн тогтоосон хөл хорионы дэглэмийг хамгийн багадаа дахин 2 долоо хоногоор сунгана хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Interfax