Перу улсын конгресс Ерөнхийлөгчийн түр үүрэг гүйцэтгэгчээр конгрессийн гишүүн 76 настай Франциско Сагастийг сонгожээ. Энэ нь долоо хоногийн дотор гурав дахь удаа төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчийг сольж буй явдал юм.
Тус улс даяар эсэргүүцлийн жагсаал газар авч, Ерөнхийлөгч асан Мартин Визкарраг авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан долоо хоногийн өмнө огцруулсан. Улс даяар өрнөсөн жагсаалын үеэр хоёр хүн амиа алдаж, олон иргэн гэмтэж шархадсан юм. Жагсагчдын дийлэнх нь нийгмийн залуу үеийнхэн байжээ.
Перугийн Ерөнхийлөгч Визкарраг огцруулсан даруйд конгрессийг даргалж байсан Мануэл Мерино алба үүргийг нь хүлээж аваад долоо хонолгүй Сагасти Парламентын танхимын санал хураалтаар ирэх жилийн сонгууль болтол төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэхээр болжээ.
Жагсагчид конгрессийг даргалагч Мериног ч мөн хүчтэй эсэргүүцэж, өнгөрсөн амралтын өдөр тайван жагсаал эхлүүлж, улмаар эмх замбараагүй байдал үүссэн тул улс төрчид түүнийг ч мөн огцрохыг шаардсан байна.
Коронавируст цар тахлын үед улс төрийн тогтворгүй байдал үүссэн нь эдийн засгийг хүндрүүлж байна. Хэдийгээр тус улс хорио цээр, тусгаарлалтын дэглэмийг тархалтын эрт үед хэрэгжүүлсэн улс орнуудын нэг боловч тархалт эрчимтэй нэмэгдсээр байгаа юм. Перуд нэг сая орчим иргэн коронавирусээр халдварлаж, 35,000 гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС