Ухань хотын коронавирусийн талаар мэдээлсэн сурвалжлагчид таван жил хорих ял оноохоор болжээ
Дэлхий даяар тархсан коронавирус БНХАУ-ын Ухань хотоос анх илэрсэн билээ. Энэ үед Ухань дахь нөхцөл байдлын талаар дэлхий дахинд мэдээлэл өгч байсан хэд хэдэн сэтгүүлч, сурвалжлагч цагдаа нарт баригдсан юм.
Өнгөрсөн тавдугаар сард баригдсан иргэний сэтгүүлч 37 настай Жан Жаныг таван жилийн хорих ялаар шийтгэхээр болсон тухай мэдээлжээ. Тэрээр өмнө нь хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй байсан бөгөөд хэрүүл маргаан, өдөөн хатгалтыг өөгшүүлэн дэмжсэн хэмээн эрх баригчид буруутгасан байна.
Уханий хэрэгт холбогдон ял сонсож буй анхны хүн Жан Жан биш юм. Хятадын эрх баригчид тэмцэгчдийг ихэвчлэн хэрүүл маргаан, өдөөн хатгалтыг өдөөсөн гэсэн зүйл ангиар буруутган, яллаж ирсэн.
Жан Жан өнгөрсөн хоёрдугаар сард Уханийг зорьж тэндээс олон тооны мэдээ мэдээлэл бэлтгэн нийтэлсэн юм. Гэвч тавдугаар сарын 14-ний өдөр Ухань хотоос сураггүй алга болжээ. Түүнийг алга болсны дараа Уханиас 640 км-т зайтай Шанхай хотын цагдаагийн газраас баривчлан саатуулсан тухай мэдээлжээ.
Улмаар зургадугаар сарын 19-ний өдөр Шанхайд саатуулагдаж байгаа нь тодорхой болсон. Энэ мэдэгдлээс хойш гурван сарын дараа буюу есдүгээр сард Жан Жан өмгөөлөгчтэйгээ анх удаа уулзаж байжээ.
Дэлхий даяар 55 сая хүн өвчилж, 1,3 сая хүн нас барсан коронавирусийн тархалтад улс орнууд БНХАУ-ыг буруутган шүүмжлээд байгаа юм.
Эх сурвалж: ВВС