“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног”-ийг дэлхий нийтээр 11-р сарын 15-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, цахимаар төлбөр тооцоогоо хийж буй энэ өдрүүдэд та ч бас цахим хэтэвчнийхээ аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжүүдтэй танилцаарай.
Цахим гэмт хэрэг үйлдэгчид цар тахлын үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан иргэдийн регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг олж авах зорилготойгоор албан ёсны, тун үнэмшилтэй харагдахуйцаар бэлтгэсэн хуурамч мэдээ мэдээлэл, хуурамч и-мэйл илгээдэг тул та бүхэн сонор сэрэмжтэй байгаарай.
- COVID-19 вирустэй холбоотой аливаа цахим мэдээлэлд итгэж, хуурамч и-мэйлийн хавсралтыг нээхгүй байх;
- Баталгаат бус вэбсайт болон холбоос дээр дарахгүй байх;
- Corona Live 1.1 Android аппликэйшн эсхүл ижил төрлийн аппликэйшн татаж авахгүй байх;
- Өмнө нь хандаж байгаагүй онлайн сайтаас худалдан авалтын захиалга хийхгүй байх;
- Сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
- Олон улсын эсхүл автомат дуудлагыг хүлээн авахдаа тоон дээр дарахгүй байж, дуудлагыг таслах;
- Мессежээр болон олон нийтийн чатаар ирэх холбоос дээр дарахгүй байж, өөрийн мөнгө болон мэдээллээ алдахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.
Банк хэзээ ч өөрийн албан ёсны интернэт банк болон аппликэйшнээс бусад сувгаар таны нэвтрэх нэр, нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг асуудаггүй болохыг анхаарна уу. Үүнээс гадна COVID-19 цар тахалтай холбоотой мэдээ мэдээллийг зөвхөн Эрүүл мэндийн яам болон бусад албан ёсны эх сурвалжаас баталгаат сувгаар авч байхыг зөвлөж байна.
Зөвлөмжийг бэлтгэсэн: ХААН Банк
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.