Японд амны хаалт зүүсэн эсэхийг шалгадаг роботыг туршиж эхэлжээ
Ковид-19 коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам бол амны хаалт тогтмол зүүж, гараа сайтар угааж ариутгах гэдгийг ДЭМБ-ын мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа.
Тэгвэл Японы нэгэн дэлгүүрт үйлчлүүлэгчдийг амны хаалтаа зааврын дагуу зүүсэн эсэхийг шалгадаг роботуудыг ажиллуулж эхэлжээ. Япон улсад коронавирусийн гурав дахь давлагаанд бэлдэж эхэлсэн байна. Тиймээс технологийн тусламжтайгаар бэлтгэл ажлаа базааж, урьдчилан сэргийлж байгаагийн илэрхийлэл нь амны хаалт зүүсэн эсэхийг шалгадаг роботууд юм.
Робови нэртэй уг роботуудыг Киотогийн дэвшилтэт цахилгаан холбооны судалгааны олон улсын хүрээлэн хөгжүүлжээ. Лазер гэрэл, хөдөлгөөн мэдрэгч ашиглан Робови амны хаалт зүүгээгүй үйлчлүүлэгчдийг илрүүлэн, амны хаалтаа зүүхийг эелдгээр сануулах юм.
Мөн хоорондоо зай бариагүй үйлчлүүлэгчдэд кассан дээр очерлохдоо зай барьж зогсох дүрмийг хэрэгжүүлэхэд тусалдаг байна.
Робовийн анхны туршилтыг Керезо Осака клубын дэлгүүрт өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн ба энэ сарыг дуустал үргэлжилнэ.
Япон улсад коронавирусийн халдварын тохиолдол хоногт мянга гаруй бүртгэгдэж байгаа юм. Нийслэл Токио, Осака болон бусад хотуудад амралтын өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдсэн байна.
Цар тахлын гурав дахь давлагаа энэ өвөл явах бөгөөд Япон улс эмнэлгийн ачаалал хэт нэмэгдэх, олон мянган иргэнээ халдварт цар тахлаар алдахаас урьдчилан сэргийлж байгаа ажээ. Одоогоор тус улсад нийт 120,000 орчим иргэн цар тахлаар өвчилж, 2,000 орчим иргэн энджээ.
Эх сурвалж: The Guardian