COVID-19: Нийтийн тээврээр зорчихдоо хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?
Нийтийн тээврээр зорчихдоо та коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд ямар ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй вэ? Энэ талаар "BBC" агентлагийн бэлтгэсэн зөвлөмжийг хүргэж байна.
Амны хаалт зүүж, бие биеэсээ зай барин, боломжтой бол ажил эхлэх, дуусах цагаар нийтийн тээврээр зорчихоос зайлсхийх
зэрэг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай дэг журмыг мэдээжийн хэрэг биелүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж мөрдөх нь хамгийн чухал зүйл бөгөөд таны эрсдэлийг эрс багасгах болно.
Гэвч үүнээс гадна халдварын эрсдэлийг бууруулах боломжтой хэд хэдэн арга хэмжээ байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.
Агааржуулалт ба агаарын урсгал
"Ковид-19" шиг амьсгалын замаар халдварладаг өвчний тохиолдолд хязгаарлагдмал орчинд тантай хамт байгаа хүмүүс амьсгалж, ханиалгаж, ярих тусам вирусийн халдвар авах магадлал нэмэгдэнэ. Тиймээс хэрвээ боломжтой бол та ажилдаа явахдаа алхах, дугуй унах эсвэл скүүтэр унахыг хичээгээрэй.
Харин та галт тэрэг, автобус, метро зэрэг олон нийтийн тээврээр зорчиж байгаа бол тухайн тээврийн хэрэгсэл хэр сайн агааржуулалттай вэ гэдгийг бодолцож үзээрэй. Ямар ч загвартай тээврийн хэрэгсэл байсан олон цонхтой байх тусмаа сайн байдаг аж.
Чимээгүй байдал
Та тээврийн хэрэгслээ сонгохдоо дотор нь хэчнээн их яриа өрнөдөг болон хүмүүс ихэнхдээ хэр зэрэг чанга ярьдгийг анхаарч үзэхэд илүүдэхгүй. Мэдээж ярихгүй байх нь халдварын тархалтыг эрс багасгана. Түүнчлэн хүмүүс бие биеэ сонсох гэж бөхийж, ойртон, чанга ярих хэрэгтэй болдог чимээ шуугиантай орчин нь нам гүм зайнаас өндөр эрсдэлтэй байдаг байна.
Үүний улмаас баар, шөнийн цэнгээний газар, махны үйлдвэрүүдэд халдварын тохиолдол ихээр гарах болсон аж.
Хаана сууж, хаана зогсох вэ?
Мэдээж боломжтой бол олон хүмүүсээс зайлсхийх нь ухаалаг үйлдэл. Ялангуяа зэргэлдээ нэг эгнээнд суух нь халдварын хамгийн их эрсдэл дагуулдаг байна. Гэвч ачаалал ихтэй үед ингэх боломжгүй нь тодорхой. Энэ үед та боломжтой бол цонх, хаалганд ойрхон сууж, тогтмол агаарын урсгал үүсгэж, аль болох хажуу дах хүнтэйгээ харьцаж, тэдэнд хүрэхгүй байхыг хичээх нь зөв юм. Түүнчлэн хамгаалалтын бээлий өмсөж, хүний гар их хүрдэг гадаргууд хүрэхгүй байхыг хичээгээрэй.
Зарим судлаачид агааржуулалт сайн нийтийн тээврийн хэрэгсэлд иргэд бүгд амны хаалт зүүн зорчих нь олон хүнтэй баар гэх мэт бусад дотоод орчноос эрсдэл багатай байдаг гэж үзэж байгаа аж.
"New York Times" сонины мэдээлснээр Япон, Франц, Австри зэрэг улсууд халдвартай иргэдийн маршрутыг гарган, мөрдөлт хийхэд тэдний зорчсон нийтийн тээврийн хэрэгслүүдээс халдвар илрээгүй байна.
Мэргэжилтнүүд мөн коронавирустэй хүний сууж байсан суудлыг ашиглах нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэхгүй гэсэн судалгаа гаргажээ.
Тиймээс та амны хаалт, хамгаалалтын бээлийгээ өмсөөд, сайн агааржуулалттай, чимээгүй олон нийтийн тээврийн хэрэгсэлд аль болох богино хугацаанд зорчвол өөрийгөө халдварын аюулаас хамгаалах боломжтой.
Эх сурвалж: BBC