Ерөнхийлөгч Доналд Трамп сонгууль шударга бус явагдсан гэж үзэж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АНУ-ын үндсэн хуулийг зөрчсөн явдал удаа дараа гарсан хэмээн хэвлэл мэдээллээр нэр дэвшигч Жо Байден сонгуульд ялалт байгуулсан гэж мэдээлж байгаа явдлыг буруушааж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль АНУ-ын Үндсэн хуулийн дагуу явагдаагүй гэдгийг батлахын тулд шүүхэд гомдол мэдүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдж байсан билээ. Ерөнхийлөгч Д. Трамп энэ талаар өөрийн твиттер хуудаснаа, "Дандаа худал мэдээ мэдээлэл түгээдэг хэвлэл мэдээллийн агентлагууд 2020 оны сонгуулиар АНУ-ын Үндсэн хууль хэр их зөрчигдсөн болохыг харуулах боломж бидэнд олгоогүй атлаа яагаад Жо Байденг Ерөнхийлөгч болно гэж мэдээлээд байгаа юм бэ. Энэ удаагийн сонгуулиар нэр төрд халдах явдал өмнө нь хэзээ ч байгаагүйгээр их гарсан!" хэмээн бичжээ.
Түүний хэлж байгаагаар энэ удаагийн сонгуулиар саналын хуудас тоолох байрнуудаас ажиглагчдыг хөөн гаргах явдал их гарсан ба ардчилсан намынхан саналын хуудсыг сая саяаар нь сольсон аж.
Тэрээр, "Үндсэн хуулийн хэрэгжилтийг хариуцсан хүмүүс шуудангаар илгээсэн хуурамч саналын хуудаснуудыг хүчин төгөлдөр гэж үзэж болохгүй. Дэлхий даяар ажиглаж байгаа шүү!" хэмээн онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 3-нд болж өнгөрсөн ба Америкийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденг сонгуульд ялалт байгуулсан хэмээн мэдээлсэн ба улс орнуудын төрийн тэргүүнүүд Жо Байденд баярын мэндчилгээ илгээгээд байна.
Эх сурвалж: Ria.ru