Ази-Номхон далайн орнууд чөлөөт худалдааны хамгийн том эвслийг байгуулав
Ази-Номхон далайн 15 орон өнгөрсөн ням гарагт Бүс нутгийн Олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, чөлөөт худалдааны дэлхийн хамгийн том эвслийг байгуулжээ.
2017 онд Ерөнхийлөгч Доналд Трампын шийдвэрээр Транс Номхон далайн түншлэлээс гарсан АНУ дээрх эвсэлд багтаагүй аж. Бүс нутгийн Олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа коронавирусын цар тахалтай холбоотойгоор цахимаар явагдсан ба тус гэрээнд Зүүн Өмнөд Азийн 10 орон, БНХАУ, БНСУ, Япон, Австрали болон Шинэ Зеланд улс гарын үсгээ зуржээ.
Бүс нутгийн Олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар Бээжин Зүүн Өмнөд Ази, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудын эдийн засгийн найдвартай түнш гэсэн байр сууриа улам бататгаж, бүс нутгийн худалдааны журмыг өөрчлөх боломжтой болох аж. Бүс нутгийн Олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны эвсэл ирэх жилүүдэд олон төрлийн татварыг бууруулахаар зорьж байгаа ба тус эвсэл дэлхийн эдийн засгийн 30 хувийг бүрдүүлж, дэлхийн хүн амын 30 хувийг хамарч, гэрээний ашиг тусыг 2.2 тэрбум хэрэглэгч хүртэнэ гэж тооцоолж байгаа аж.
БНХАУ-ын Сангийн яамнаас мэдээлж байгаагаар шинээр байгуулагдсан тус эвслийн зүгээс эвсэлд багтсан улс орнууд дахь зарим бараа бүтээгдэхүүний татварыг ирэх 10 жилийн дотор тэглэхээр зорьжээ. Бүс нутгийн Олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсгээ зурсан улс орнууд тус гэрээг ирэх 2 жилийн хугацаанд дотооддоо баталснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох аж.
Эх сурвалж: Reuters