Хятадын төрийг шүүмжилснээс нь болж Ши Жиньпин Жек Магийн компанийн түүхэн IPO-г зогсоожээ
"Ant Group"-ын үүсгэн байгуулагч Жек Ма засгийн газрын удирдагчдыг шүүмжилсний дараа тус компанийн түүхэн 37 тэрбум ам.долларын IPO-г БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн биеэр зогсоосон гэж "Wall Street Journal" мэдээлжээ.
Тус компанийг хувьцаагаа гаргахаас долоо хоногийн өмнө Жек Ма Хятадын ерөнхийлөгч болон бусад засгийн газрын албан тушаалтнуудад төдийлөн таалагдаагүй зүйл хэлсэн гэж тайланд дурджээ.
Ши Жиньпин нь Коммунист намын эрх мэдэлд заналхийлдэг томоохон хувийн бизнес эрхлэгчдэд төмөр нүүр үзүүлдэг болсон гэж "Wall Street Journal" онцолсон байна.
Хятадын санхүүгийн томоохон компани "Ant Group"-ын хувьцаа түүхэн дэх хамгийн их орлого олох IPO-д тооцогдож байсан юм.
"Ant Group" олон нийтэд зарлагдахаас долоо хоногийн өмнө Жэк Ма аравдугаар сарын 24-ний өдөр Шанхайн чуулганаар Хятадын зохицуулах банкны дүрмийг олон нийтэд ил болгож, тус журам нь инновацийн салбарт тохиромжгүй гэж мэдэгджээ.
Жек Ма нь Ши Жиньпиний хэлсэн үгнээс "Амжилт заавал надаас гарах албагүй" гэснийг иш татан, Хятадын санхүүгийн асуудлыг инновацийн замаар шийдвэрлэхэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Засгийн газрын албан тушаалтнууд түүний саналыг сайн хүлээж аваагүй бөгөөд ерөнхийлөгчийн болон зохицуулагчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэв гэж "Journal" мэдээлэв.
Ма бас улсынхаа эдийн зохицуулагчид, олон улсын банкны удирдлагуудыг "хөгшчүүдийн клуб" гэж шүүмжилсэн байна.
"Ant Group" компани Хонконг, Шанхайн хөрөнгийн бирж дээр зэрэг хувьцаа гарган дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөрөнгө оруулагчдын гурван их наяд гаруй ам.долларын захиалгыг аль хэдийн баталгаажуулсан байв.
"Ant Group"-ийн удирдлага Business Insider-ийн тайлбар хүссэн даруйд хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: businessinsider