Элон Маскын коронавирусын шинжилгээний хариу нэг өдрийн дотор 2 удаа эерэг, 2 удаа сөрөг гарчээ
"Tesla" компанийн Гүйцэтгэх Захирал Элон Маск өнгөрсөн Пүрэв гарагт COVID-19-ын шинжилгээ үнэн зөв гардаг эсэхэд эргэлзэж байгаагаа зарлажээ. Учир нь түүний шинжилгээний үр дүн нь нэг өдөрт хоёр удаа эерэг, дараа нь хоёр удаа сөрөг гарсан байна.
"Хэтэрхий хуурамч зүйл болж байна. Өнөөдөр ковидын шинжилгээнд би дөрвөн удаа хамрагдлаа. Хоёр шинжилгээ сөрөг, хоёр нь эерэг гарсан. Нэг машин, нэг тест, нэг сувилагч. BD-ийн шинжилгээ" гэж Маск жиргэсэн байна.
"BD" гэдэг нь "Becton Dickinson and Co" компанийн бүтээсэн шинжилгээний төхөөрөмжийг нэрлэсэн байна.
Пүрэв гарагт шинжилгээ өгсөн Маск одоо өөр лабораторийн полимеразын гинжин урвал (ПГУ) -ын шинжилгээний хариуг мөн хүлээж байна гэж хэлэв.
Твиттерийн хэрэглэгч түүнээс ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсэхийг асуухад Маск "ердийн ханиад"-ын шинж тэмдэг илэрсэн бөгөөд "Одоогийн байдлаар ер бусын зүйл алга" гэдгээ хариулжээ.
COVID-19-ийн шинжилгээний томоохон нийлүүлэгчдийн нэг болох "Becton Dickinson" 9-р сард АНУ-ын өндөр настны асрамжийн газруудаас түргэн хариу гаргадаг коронавирусын шинжилгээний тоног төхөөрөмж хуурамч эерэг үр дүн гаргаж байна гэсэн мэдэгдэл гаргасныг дурдсан. Тус компаниас энэхүү явдлыг сайтар анхааран судалж байгаагаа мэдэгдэв.
Энэ сарын эхээр АНУ-ын Хүнс, эмийн захиргаа клиникийн лабораторийн ажилтнууд болон эрүүл мэндийн байгууллагуудад COVID-19 шинжилгээ хийснээр хуурамч эерэг үр дүн гарч болзошгүйг анхааруулж байсан юм.
Маск өмнө нь коронавирустай холбоотой хязгаарлалт, хөл хориог шүүмжилж, эдгээрийг “фашист” үйлдэл, хувь хүний эрх чөлөөнд халдаж байна гэж хэлж байсан.
"Becton Dickinson" Пүрэв гарагийн орой тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters