Хөл хорионы үеэр гэртээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах 10 зөвлөгөө
“Коронавирусийн халдвар тархалт дэлхий даяар сая сая хүний амьдралын хэмнэл, хэв маягт өөрчлөлт оруулж байна. Хүмүүс нийгмийн харилцаанаас холдож, гэрээсээ дураараа гарч, олны дунд орж чадахгүй болж эхэлмэгцээ өөрсдийгөө нийгмийн харилцаанаас хэр хамааралтай, “нийгмийн амьтад” болохыг ойлгож эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор хүмүүст сэтгэл зовнил, нийгмээс тусгаарлагдах айдас төрж байж болох юм” хэмээн Торонтогийн их сургуулийн профессор Лаура Хаурилук өгүүлжээ.
Тэрээр 2000 онд дэлгэрсэн SARS өвчний үеэр карантинд орсон хүмүүс дунд судалгаа хийж, хөл хорио хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай шинжилгээний өгүүлэл нийтлүүлж байсан. Түүний хэлж буйгаар хөл хорионд орогсод уур, бухимдал, стресс, сэтгэл гутрал, айдас ихээр мэдэрч, хар дарсан зүүд зүүдлэх нь элбэг байсан гэнэ. Түүнчлэн хүмүүс өөрсдөдөө биш, ихэвчлэн гэр бүлийнхэн, ойр дотныхондоо санаа зовж, тэднийгээ өвдөх вий гэсэн айдаст автдаг нь хөл хорионы үеэр сэтгэл зүйд нөлөөлдөг сөрөг хүчин зүйлсийн нэг болдог аж.
Тэгэхээр та шинж тэмдэг илэрсний улмаас өөрийгөө тусгаарлаж буй, вирус туссаны улмаас эмнэлэгт буй, эсвэл зүгээр л гэрээсээ ажиллаж буй, ямар ч шалтгаанаар хөдөлгөөний хязгаарлалтад орсон бай сэтгэл санаагаа тордон дэмжиж, хий айдаст автахгүйн тулд дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй. Бид салбар бүрийн мэргэжилтнүүдээс санал авч, жагсаалтаа гаргасан юм шүү.
1. Гэртээ байна гэдэг бол эрүүл хооллох боломж
Вирус илэрсэн сургаар хоол хүнсээ нөөцөлж авсан л биз дээ. Тэгвэл одоо тэдгээр хүнсээрээ сайхан эрүүл, амттай хоол хийж идэн, дархлаагаа дэмнээрэй. Өдөр бүхэн хоол хийж идэх нь урт хугацаандаа төвөгтэй санагдаж магад л юм. Гэхдээ нэг хийхдээ нэжгээд өдрийн хоол бэлдэж аваад, хөлдөөгчиндөө хадгалж, өдөр бүр зөвхөн хачир, сүмсээ сольж, өөрчлөөд идээд байж болно шүү дээ. Эрүүл хооллолт бол сэтгэл санаагаа дэмжих хамгийн эхний алхам.
2. Бид зөвхөн амьд үлдэхийн тулд л иддэг гэж үү?
Үгүй шүү дээ. Хэрэв та гэртээ олон хоног суух гэж байгаа бол ямар л амттанд дуртай, түүнийгээ нөөцөлж аваарай. Попкорн, резинэн чихэр, самрын тос гээд л юу дуртайгаа таашаан ид. Гэр зуур байхдаа жигнэмэг, нарийн боов хийх нь бас их таашаалтай болохыг туршиж үзээрэй. Мөн цай, кофе, дарс, коньяк гээд өөрийгөө баярлуулах багахан зүйлсийг ч битгий мартаарай.
3. Өөрийгөө хэт их тусгаарлах хэрэггүй
Гэрээсээ хамраа ч цухуйлгалгүй суух нь интроверт нэгний жаргалтай амьдралын биелэл байж болох ч ихэнх хүмүүст гэртээ нэг бүтэн өдөр суухад л бүх амьдралаараа ганцаардсан мэт уйтгарлаж эхэлдэг. Тиймээс ойр дотныхонтойгоо холбогд. FaceTime-аар найзуудтайгаа ярь. Мөн ойр дотны хүн чинь карантинд байгаа бол түүнд сэтгэлийн дэм өгөх зорилгоор утсаар ярьж, дуу хөгжмийн линк илгээж, хөгжилтэй meme явуулаарай. Өвдсөн болон тусгаарлагдсан үед өөрийг нь гэх хэн нэгэн байгааг мэдрэх шиг тайвшрал үгүй билээ.
4. Дасгал хөдөлгөөнийг бүү март
Дасгал хийх нь сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг болохыг та энэ үед л хангалттай мэдэрч чадна. Youtube- д иог, кардио, зумбагаас авахуулаад хэдэн мянган дасгалын суваг бий шүү дээ. Төхөөрөмж ашиглах шаардлагагүй олон төрлийн хөдөлгөөнийг та гэртээ хийж чадна. Гадаа гарч болохоор бол явган алхах ч мөн сайхан сонголт.
5. Гэрээ цэвэрлэ
Гэр орноо цэвэрлэх нь зөвхөн эрүүл ахуйн талаасаа ч биш, цэвэрхэн гэрт суух тав тух талаасаа ч танд хэрэгтэй. Хаврын их цэвэрлэгээгээ хийхэд тохиромжтой цаг ч таарч байна.
6. Интернэтээр дэлхий ертөнцтэй холбогд
Дижитал харилцаа биднийг хэзээ хэзээнээс илүү мэдээлэлтэй, хоорондоо холбоотой байхад тусалж байна. Тэр ч утгаараа та 10 жилийн өмнөхтэй харьцуулахад ганцаардан, гиеүрэх магадлал хамаагүй бага. Гэхдээ интернетийн түмэн мэдээлэл дундаас өөрт хэрэгтэй, үнэн зөв мэдээллээ олж авах нь танд сэтгэл зовнил, айдас хүйдсээ удирдан, өөрөө өөрийнхөө эзэн гэдгээ мэдэрэхэд илүү хэрэгтэй.
7. Энтертайнмент хөтөлбөрүүд заавал үз
Дан мэдээ үзэж, уншиж суух нь сөрөг сэтгэл хөдлөлийг улам нэмдэг. Тиймээс мэдээ, мэдээллийн хажуугаар хөгжөөнт, цэнгээнт контентуудад цаг гарга. Үзэхийг хүсэж явсан тв шоу, кинонуудынхаа жагсаалтыг гаргаж, уншиж амжаагүй явсан номнуудаа ширээн дээрээ өрж тавиарай. Хөлөгт болон эвлүүлдэг тоглоомнууд ч мөн цагийг зугаатай өнгөрөөх бас нэг сонголт мөн.
8. Сэтгэл зүйчид хандах
Дээрх зүйлсийг хийгээд ч таны сэтгэл тайван биш хэвээр байвал мэргэжлийн хүнд хандахыг хүсье. Өнөө цагт утсаар, видео чатаар ч харилцан ярилцаж болох сэтгэл зүйн үйлчилгээнүүд бий болсон. Танд туслах эрмэлзэлтэй хүмүүс олон бийг битгий мартаарай.
9. Гэрээсээ ажиллах сэтгэл зүйгээ бүрдүүл
Хүмүүс гэрээсээ ажиллахыг мөрөөдлийн зүйл мэтээр боддог. Өдөржин унтлагын хувцастайгаа буйдан дээр суугаад л, хэний ч хараа хяналтгүй ажиллаад л. Гэвч үнэндээ энэ нь удаан хугацаанд ингэж ажиллах урам зоригийг унтраадаг. Buzzfeed-ийн эрхлэгч Матт Грийнвелл хэдэн жилийн турш гэрээсээ ажилласан туршлагатай нэгэн бөгөөд түүний хэлж буйгаар хэрэв та гэрээсаа ажиллахыг тогтмол, урт хугацааны дадал болгох зорилготой бол өглөө босоод ажилдаа явах гэж буй мэт хувцаслаж, цайгаа ууж, гарах гэж адил өөрийгөө бэлтгэн сэтгэл зүйгээ бүрдүүлэх хэрэгтэй гэнэ. Ажлынхаа дундуур хүмүүстэй харилцах хэрэгцээгээ хангаж, утсаар ярьж, ажлынхантайгаа дүрст дуудлага хийх зэргээр өөрийгөө амраагаарай. Мөн өдрийн хоолны цаг, ажил дуусах цаг зэргийг ягштал баримтлах нь тустай хэмээж.
10. Ариун цэврийг сахиж, эрүүл байх нь хамгаас чухал
Коронавирусийн халдвараас сэргийлэх болон бусдад халдаахгүй байх хамгийн зөв арга бол ариун цэврийг сахих. Тэр дундаа гараа савандаж угаах болон ариутгах нэн тэргүүнд. Нэгэнт цэвэрхэн гартай бол хоолоо сайн идээд, өөрөө өөртөө эелдэг хандаж, биеэ тордон суугаарай. Бас өөртөө сайхан хандсан шигээ хөршдөө сайн хандаарай. Хэцүү цаг үед хүмүүс нэг нэгнээ дэмжин, хайрлахаас өөр чухал зүйл үгүй сэн билээ.
эх сурвалж: Buzzfeed