Хятадад үйлдвэрлэсэн "Синовак" коронавирусийн вакцинийг тариулсан Бразил иргэдэд тодорхойгүй шинж тэмдэг илэрчээ
Бразил улс БНХАУ-ын биотехнологийн Синовак компанийн гарган авсан коронавирусний вакцины хүний биед хийж байгаа туршилтыг түр хугацаанд зогсоосон байна.
Бразилын засгийн газар вакцины туршилтад 10-р сарын 29-нд сайн дураараа хамрагдсан нэг хүний биед тодорхойгүй шинж тэмдэг илэрч, эмч мэргэжилтнүүд уг тохиолдлыг судалж байгааг даваа гарагт мэдэгджээ. Хятадын Синовак компанийн гаргаж авсан уг вакцин нь Бразилд гурав дахь буюу сүүлийн шатандаа орсон байсан.
Бразилын Сан Паулу, Рио Де Жанейро зэрэг олон хотод сайн дурын 10 гаруй мянган хүнийг хамруулахаар төлөвлөж байсан байна. Бразилын засгийн газар энэ оны сүүл гэхэд 6 сая тун вакцин импортоор авч, Хятадын технологийн дэмжлэгтэйгээр ирэх оноос 40 сая тун вакцин улс орон даяар түгээхээр төлөвлөж байгаагаа саяхан мэдэгдэж байсан юм. Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару Хятадын вакцинд эргэлзэж байгаагаа илэрхийлж, туршилтын вакциныг хэрэглэхгүй байхыг иргэддээ хандаж уриалжээ.
Бразил вакцины туршилтыг зогсоосноор Хятадад үйлдвэрлэсэн коронавирусний вакцин Бразилын зах зээлд гарахад эргэлзээтэй болголоо гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: CNN