Өмнөд Солонгосын шинэ эмчилгээ коронавирусийг 4-5 хоногийн дотор эдгээж байна
Өмнөд Солонгосын томоохон эм үйлдвэрлэлийн компани болох "Celltrion Inc"-ийн коронавирусийн эмчилгээ нь вирусийг 4-5 хоногийн дотор устгаж, хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг хүнд хэлбэрт шилжихээс урьдчилан сэргийлж байгааг тус компанийн тэргүүн Со Жонг-жин өнөөдөр мэдэгджээ.
Тус компанийн моноклональ эсрэгбиемийн эмчилгээ болох "CT-P59" нь өвчтөнүүдийн эдгэрэх хугацааг богиносгож байгаа нь анхан шатны туршилтаар тогтоогдсон бөгөөд одоогоор ямар гаж нөлөө бүртгэгдээгүй байна.
"Celltrion" компани "CT-P59"-ийн аюулгүй байдал, тэсвэрлэх чадвар болон коронавирусийн эсрэг үр нөлөөг үнэлэх зорилгоор Өмнөд Солонгос ба Европын гурван байрлалд хөнгөн ба хүндэвтэр шинж тэмдэгтэй 18 өвчтөнийг хамруулан, анхан шатны туршилтаа хийсэн аж. Эдгээр өвчтөнүүдийн ихэнх нь ахмад настнууд байжээ.
Уг эмнэл зүйн анхан шатны туршилтын үр дүнгээс харахад өвчтөнүүдийн эдгэрэх хугацаа 44 хувиар буурсан байна. Харин хоёр, гуравдугаар шатны туршилтууд хийгдэж байгаа аж. Түүнчлэн тус компани Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас зөвшөөрөл авсан даруйдаа "CT-P59" эмчилгээг өвчтөнүүдэд нийлүүлж эхлэх бөгөөд 100 мянга орчим хүнд ашиглах тунг аль хэдийн үйлдвэрлэж эхлээд байгаа гэнэ.
"Celltrion"-ийн захирал Со Жонг-жин "Эмнэл зүйн туршилтын үр дүнгээс харахад коронавирус 4-5 хоногийн дотор үхэж байсан. Энэхүү эмчилгээ нь хүнд хэлбэрийн шинж тэмдэг илрэх эсвэл дотоод эрхтэнд гэмтэл учрах эрсдэлийг үгүй хийдэг... Хэрэв хоёр шатны туршилт энэ онд багтаж дуусвал бид арванхоёрдугаар сард болзолт журмаар зөвшөөрөл авах өргөдөл гаргана" гэсэн байна.
Эх сурвалж: Yonhap News Agency