Ганц биечүүдийн өдрөөр "Alibaba" компани шинэ дээд амжилт тогтоон 74.1 тэрбум ам.долларын худалдаа хийжээ
Өчигдөр Хятадад “Ганц биечүүдийн өдөр” тохиож өнгөрчээ. Энэхүү өдрөөр тус улсад дэлгүүрүүд Барууны “Хар баасан гаригт”-тай ижил томоохон хямдрал зарладаг бөгөөд энэ жил Хятадын ганц бие иргэдийн цахимаар хийсэн худалдан авалт дахин шинэ дээд амжилт тогтоосон байна.
Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд (1-ийн тоо нь ганц биеийг илэрхийлдэг байна) тохиодог уг баярын өдөр нь дэлхийд 24 цагийн хугацаанд хамгийн их худалдан авалт цахимаар хийгддэг үйл явдал болдог юм.
Тэгвэл энэ өдөр зохион байгуулагддаг онлайн худалдааны 24 цагийн хямдралын арга хэмжээ шинэ дээд амжилт тогтоосон тухай "Alibaba" групп мэдээлжээ.
Уг өдрийг 2019 онд цахим худалдааны "Alibaba" компани анх санаачилж, Валентины өдрийн эсрэг буюу ганц бие хүмүүст зориулан бий болгож байсан байна. Энэ жилийн “Ганц биечүүдийн өдөр”-ийн цахим худалдааны урьдчилсан захиалгыг 11 дүгээр сарын 1-3-ны хооронд эрт эхлүүлсэн бөгөөд мөн 3 сая худалдааны ажилтан, 4000 ачаа тээврийн нисэх болон усан онгоцууд цахим худалдааны захиалга, тээврийн асуудлыг хариуцан ажилласан байна.
Хэрэглэгчдийн дунд энэ жил энгийн болон робот тоос сорогч, багажны иж бүрдэл, тансаг хэрэглээний брендийн бараа бүтээгдэхүүнүүд илүү тренд болж байгаа талаар худалдааны мэргэжилтнүүд онцолжээ.
Даваа гарагт тус компанийн платформоор нийт 498.2 тэрбум юаний (74.1 тэрбум ам.доллар) дүнтэй бараа борлогдсон нь өмнөх оны 35.8 тэрбумаас 2 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ тоо нь АНУ-д болдог ижил төстэй “Black Friday”, “Cyber Monday” арга хэмжээнүүдийн борлуулалтын нийлбэрээс давсан байна.
"АНУ-тай хийж буй худалдааны дайн, коронавирус зэргээс болж Хятадын эдийн засгийн өсөлт суларсан гэдэг таамгийг энэхүү явдал үгүйсгэлээ" гэж эдийн засагч Жон Уотерс хэлжээ.
Энэ жил гэхэд 1.9 тэрбум нэр төрлийн бараа цахимаар борлуулагдаж, хүргэгджээ. Тус худалдааны үеэр Гурван долоо хоногийн өмнө эхэлсэн урьдчилсан захиалгаар Францын гоо сайхны "Estee Lauder" компани нэг тэрбум юаний (143 сая ам.доллар) захиалга авч дээд амжилт тогтоосон байна. "Alibaba"-ийн хэрэглэгчид бас 100 сая юанийг (14 сая ам.доллар) "Apple"-ийн бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулжээ.
Эх сурвалж: CNN