Коронавирусээс хэрхэн хамгаалах талаар олон улсын эрдэмтэд ингэж зөвлөж байна!
Та бүхэнд дэлхийн эрүүл мэндийн салбарынхны өгсөн коронавирусээс хамгаалах тухай заавар зөвлөмжийг орчуулан хүргэж байна.
Вирус хэрхэн тархдаг вэ?
Эрдэмтэд шинэ коронавирусаас үүдэлтэй COVID-19 өвчний талаар одоо хүртэл судсаар байгаа боловч АНУ-ын халдварт өвчин судлалын газар мэдээлснээр энэхүү гоц халдварт вирус нь амьсгалын замаар тархдаг юм.
Зарим тохиолдолд вирус тоосонцорт наалдаж агаарт хэдэн минутаас хэдэн цаг хүртэл үлдэх боломжтой байдаг аж. Гэж CDC мэдээлэв. Ерөнхийдөө халдвар авсан хүний 2 метр орчим зайд вирус тархах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.
Халдвар авсан хүний ханиалгах эсвэл найтаахаас үүссэн шингэний шүрших зай нь 1.5-2 метр хүртэл байна.
- Агаар дуслын замаар дамжих халдар гэж юу вэ?
Энэ нь халдвар авсан хүн ханиалгах, найтаах, шүлс, нус, цэр салиа гарах гэх мэт үйлдлийн улмаас агаарт шүршигдэх вирус бүхий дусал өөр хэн нэгэн ойр байгаа хүний ам, хамраар амьсгалах үед нэвтрэх замаар дамжин вирусын халдвар авах үйл явц юм.
- Бие махбодийн шууд хавьтал буюу ойр харьцах замаар тархах халдвар гэж юу вэ?
Энэ нь вирусаар бохирдсон хуруу нь хүний нүд, ам, хамар руу хүрч вирусыг салст бүрхэвчээр дамжуулан биед нэвтрэн оруулах үед халдвар авах үйл явц юм. Халдвартай хүн ханиалгах эсвэл найтаахдаа халхалсан гараараа хаалганы бариул, гэрлийн унтраалга, шатны бариул, бусад ойр орчны газар эсвэл эд зүйлд хүрэх үед вирусыг тэдгээр гадаргуу руу шилжүүлдэг. Бусад хүмүүс тэр газар эсвэл объектод хүрэхэд вирусээр гараа бохирдуулдаг. Тэр бохирдсон гараараа нүд, ам, хамар руугаа хүрэх үед вирус нь тэдний салст бүрхэвчээр дамжин халдварладаг.
Коронавирусын шинж тэмдэг
Коронавирусын халдварын шинж тэмдэг нь томуу зэрэг бусад амьсгалын замын вирусын шинж тэмдгүүдтэй төстэй байдаг.
Тэдгээр нь:
- Халуурах, даарах
- Ханиалгах
- Амьсгал давчдах
- Ядаргаа
- Булчин эсвэл биеийн өвдөлт
- Толгой өвдөх
- Амтлах, үнэрлэх мэдрэмж буурах
- Хоолой өвдөх
- Хамрын хөндий, хоолой улайх
- Дотор муухайрах, бөөлжих
- Суулгалт
COVID-19 цартахлын өвчин томуугийн улиралтай давхцаж байгаа тул шинж тэмдгүүдийн ялгааг олж мэдэх, мөн томуугийн эсрэг вакцин хийлгэх нь чухал юм.
ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ АРГУУД
-Бусдаас зай барь
Хүнтэй ойр харьцах нь халдвар дамжих гол эх үүсвэр болж байгаа тул нийгмийн бусдаас зай барих нь тархалтыг бууруулах гол арга хэвээр байна. Тиймээс ДЭМБ бусдаас ойролцоогоор 2 м зайтай байхыг зөвлөж байгаа аж. Энэ зай нь ханиалгах, найтаах замаар үүссэн вирустай шууд харьцахаас зайлсхийхэд тусална.
Нэмж дурдахад зайнаас агааржуулалт сайтай газар халдвар тархах эрсдлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. "Агааржуулалт сайтай газарт халдвар дамжуулалт 80 хувиар бага байдаг" Колумбийн Их Сургуулийн профессор Доктор Ашвин Васан гэж хэлсэн байна.
- Гар угаах
ДЭМБ дараах зүйлсийг хийсний дараа гараа заавал угаахыг сануулжээ
- Хоол идэхээс өмнө эсвэл хоол хийхээс өмнө
- Нүүрэнд хүрэхээсээ өмнө
- Бие зассаны дараа
- Олон нийтийн газраар явсны дараа
- Хамраа нийх, ханиалгах, найтаах
- Маск сольсны дараа
- Живх сольсны дараа
- Өвчтэй хүнийг асарсны дараа
- Амьтан эсвэл тэжээвэр амьтанд хүрсний дараа
Хэрэв саван, ус бэлэн байдаггүй бол дор хаяж 60 хувийн спирт агуулсан гар ариутгагч бодис хэрэглэж гараа цэвэрлэ.
Гарныхаа бүх гадаргууг ариутгагч бодисоор цэвэрлэж, хуурай болтол нь үрж үрнэ. Хамгийн гол нь нүд, хамар, амаа бохир гараараа хүрэхээс зайлсхий.
- Дархлаагаа сайжруулах
Мэдээж хэрэг халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаагаа нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй.
Ингэхийн тулд дараах зүйлсийг хийгээрэй:
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх - Мэргэжилтнүүд долоо хоногт дор хаяж 150 минут дунд зэргийн дасгал хийхийг зөвлөж байна.
- Жимс, хүнсний ногооны агууламж өндөртэй эрүүл, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх
- Эрүүл жингээ барих - Жин хасах хамгийн сайн арга бол дасгал хөдөлгөөн, эрүүл, тэнцвэртэй хооллолт юм.
- Сайтар унтах - Унтах цагийн хуваарь, дэглэмийг тогтоож, унтах орчны цэвэр ахуйг сахих хэрэгтэй.
- Стрессээ бууруулах, сайн даван туулах механизмыг хөгжүүлэх - Өдөр тутмын амьдрал дахь стрессээ даван туулахад туслах, хайртай хүмүүстэйгээ л холбогдох, бясалгал тогтмол хийх, дасгал хийх, уран бүтээл эсвэл бусад хоббигоо хөөх
- Тамхи, архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах
Мөн Мэриландын Их Сургууль дархлааг сайжруулахын тулд дараахь нэмэлт тэжээлийг бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.
- Витамин С нь ханиад хүрэх хугацааг богиносгож, байгалийн гаралтай антигистамин ба үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлснээр вирус, бактерийн болон бусад халдвараас урьдчилан сэргийлэхэд тустай.
- Витамин Д бол ханиад, томууны эрсдлийг бууруулах дархлааг бэхжүүлдэг хамгийн чухал тэжээлийн нэг юм. үүнийг тогтмол авч байх хэрэгтэй.
- А аминдэмийг богино хугацаанд хэрэглэх нь бие махбодийн халдвар, ялангуяа амьсгалын замын халдварын эсрэг тэмцэх чадварыг дэмжихэд тусалдаг.
- Орчны халдваргүйжүүлэлт
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн үүднээс өрөөнд байгаа вирусын хэмжээг багасгахын тулд өрөөг сайн агааржуулах хэрэгтэй. Өдрийн турш 2-3 цаг тутамд цонх, хаалгаа өргөн онгойлгох замаар өрөөний агаарыг цэвэр байлгаарай. Таны гэр бүлийнхэн ойр ойрхон хүрдэг газруудыг ариугана (хаалганы бариул, гэрлийн унтраалга, алсын удирдлага, угаалтуур бие засах газар гэх мэт).
Өдөрт 1-2 удаа хлорминтой ариутгах бодис (0.05 хувийн натрийн гипохлоритын уусмал) эсвэл спиртээр норгосон эдийг ашиглан хаалганы бариул, ширээ, шатны бариул, гэрлийн унтраалга болон бусад гар ихэвчлэн хүрдэг зүйлсийг арчих. Ариутгагч бодисоор (натрийн гипохлоритын уусмал) ариутгасны дараа зэв гарахаас сэргийлж дахин усаар арчина.
Эх сурвалж: New York Post, UMMS, CDC, CNET