"Pfizer" болон "BioNTech" компаниудын бүтээсэн вакцин Коронавирусээс 90 хувиар хамгаалж байгаа нь туршилтаар тогтоогдлоо
Америкийн Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцин коронавирусээс 90 гаруй хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа нь туршилтаар тогтоогджээ.
Pfizer компани өөрсдийнх нь бүтээсэн коронавирусын эсрэг вакцин коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чадвар нь 90 гаруй хувийн үзүүлэлттэй гарсан болохыг албан ёсны цахим хуудсандаа бичсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла, "Өнөөдөр шинжлэх ухааны салбар болон хүн төрөлхтний хувьд сайхан өдөр болж байна. Манай компанийн КОВИД-19 өвчний эсрэг вакцины клиникийн 3-р шатны туршилтын эхний үр дүн гарч, манай бүтээгдэхүүн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чадвартайг нотоллоо." хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүнийг "Хөрөнгийн зах зээл өсч байна, удахгүй 90 хувийн үр дүнтэй вакцин бэлэн болно. Үнэхээр сайн мэдээ!" хэмээн твиттер хуудсандаа бичсэн байна.
Pfizer болон BioNTech компаниудын коронавирусын эсрэг вакцины клиникийн 3-р шатны туршилт өнгөрсөн 7-р сарын 27-нд эхэлсэн бөгөөд туршилтанд 43 мянган хүн бүртгүүлсэнээс 40 мянга нь коронавирусын эсрэг вакцины 2 дох тунг хэдийн хийлгээд байгаа аж.
Pfizer-ийн хувьцаа 15 хувь хүртэл өссөн бол Нью-Йоркын хөрөнгийн биржүүд дээр BioNTech компанийн хувьцаа 24 хувиар өссөн байна. Энэхүү өсөлт нь дэлхийн хэмжээний MSCI индексийн үнэлгээнд 1.8 их наяд гаруй ам.доллар нэмэгдэх үетэй давхацсан юм.
Pfizer болон BioNTech компаниуд энэ сарын дунд хүртэл вакциныхаа аюулгүй байдлын талаар мэдээллийг цуглуулах ба цуглуулсан бүх мэдээллээ АНУ-ын Хүнс болон эмийн чанарыг хянах агентлагт өгөхөөр төлөвлөжээ. АНУ-ын Хүнс болон эмийн чанарыг хянах агентлаг тухайн вакцины зөвшөөрлийг яаралтай журмаар гаргасан тохиолдолд энэ оны сүүл гэхэд хамгийн эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилчид коронавирусын эсрэг вакцинд хамрагдах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Pfizer компаниас гадна Moderna компани мөн адил коронавирусын эсрэг вакциныхаа 3-р шатны туршилтаа явуулж байгаа ба дээрх 2 компани хоёулаа АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг авсан билээ. Америкийн эрх баригчид дээрх компаниудын бүтээсэн коронавирусын эсрэг вакциныг худалдан авах захиалга өгч, олон сая ам. долларын гэрээ хэлэлцээр хийсэн байгаа ба Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр коронавирусын эсрэг вакцин Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бэлэн болно хэмээн мэдэгдэж байсан билээ.
Эх сурвалж: bloomberg