Японы эзэн хаан Нарухитогийн дүү Ханхүү Фумихито угсаа залгамжлагчаар нэрлэгдлээ
Японы эзэн хаан Нарухитогийн дүү Ханхүү Фумихитог албан ёсоор угсаа залгамжлагчаар томилох ёслол нийслэл Токиод болж өнгөрлөө. Ханхүү Фумихито Японы эзэн хаан Нарухитогоос 6 насаар дүү юм. Эзэн хаан Нарухитогийн хувьд хүү байхгүй, ганц охинтой бөгөөд Японы Үндсэн хуулиар охин хүүхэд Эзэн хааны суудлыг залгамжлах эрхгүй юм.
Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр коронавирусын цар тахлын улмаас 7 сараар хойшлогдоод байсан угсаа залгамжлагчийг нэрлэх "Риккоши Но Рэй" ёслолд Эзэн хааны гэр бүлийнхэн болон нийт 46 зочин оролцсон ба бүгд амны хаалт зүүж, хоорондоо зай барьж байсан аж. Ёслолын үеэр Эзэн хаан Нарухито Фумихитог Японы ард түмний угсаа залгамжлагч хунтайж хэмээн зарлаж, сэлэм гардуулсан байна.
Эзэн хаан Нарухито болон угсаа залгамжлагч хунтайж Фумихитогийн аав Акихито өнгөрсөн жил хаан Эзэн хааныхаа суудлаас огцорсон юм. Тэрээр өндөр нас, эрүүл мэндийн байдлаасаа болж Эзэн хааныхаа үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон гэсэн шалтгаанаар Эзэн хааныхаа суудлыг шилжүүлэх хүсэлтээ гаргасныг Японы засгийн газраас зөвшөөрсөн билээ. Акихито өнгөрсөн 200 гаруй жилийн түүхэнд түүхэнд өөрийн хүсэлтээр Эзэн хааныхаа суудлаас огцорсон анхны Эзэн хаан болсон юм. Японы Эзэн хааны тухай 1947 онд батлагдсан хуулийн дагуу Эзэн хааны суудалд зөвхөн эрэгтэй хүн сууна гэж заасан байдаг ба 2004 онд Японы засгийн газар уг хуулийг өөрчилж, эрэгтэй эмэгтэй аль аль нь Эзэн хааны суудлыг залгамжилж болох тухай тусгахаар ажиллаж байсан юм.
Гэсэн хэдий ч угсаа залгамжлагч хунтайж Фумихитогийн гэргий хүүтэй болсны дараа уг ажлыг хойшлуулжээ. Харин угсаа залгамжлагч хунтайж Фумихитогийн хүү ханхүү Хисахито хүүтэй болохгүй тохиолдолд Японы засгийн газар 2004 онд яригдсан хуулийн өөрчлөлтийн тухай асуудлыг дахин хөндөхөд хүрэх юм.
Эх сурвалж: BBC