Ууртай хүмүүс өөрсдийгөө дээгүүр үнэлдэг
Түргэн ууртай хүмүүс өөрсдийн оюун ухаан болон ур чадварын төвшинг дээгүүр үнэлдэг. Энэ үг танд ямар сонсогдож байна вэ? Өөрийгөө үргэлж дээгүүр үнэлэх хандлага буюу нарциссизмтай холбоотой олон хачирхалтай таамаг, судалгаанууд байдаг. Харин энэхүү уур бухимдал ба нарциссизмын хамаарал бүхий онол сэтгэл судлаачдын сонирхлыг багагүй татдаг гэнэ.
“Эхний удаа бид уур бухимдал болон бусад сэтгэл хөдлөлүүд хоорондын хамаарлыг судалж үзсэн юм. Улмаар стресс, санаа зовнил, шаналал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүдээс уур бухимдал бий болдгийг батласан. Түүгээр зогсохгүй уур гэдэг хүний эерэг хандлагуудтай ч нягт холбоотой” хэмээн Варшавын их сургуулийн профессор Марцин Заяинковски хэлжээ. Ийнхүү тэд уур бухимдлын хүний сэтгэл хөдлөлд үзүүлдэг нөлөөллийн тухай судалж мэдсэн байна.
М.Заяинковскийн хэлснээр сөрөг сэтгэл хөдлөлүүд уур бухимдлыг бий болгодог. Харин уурлаж бухимдана гэдэг сайн үр дагавар багатай. Дахин сэргэдэггүй олон мянган мэдрэлийн эсийг үхүүлдэг учраас эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Гэхдээ хувь хүний өөртөө хандах хандлагыг эерэг тийш нь өөрчилдөг байх магадтай ажээ. Өөрөөр хэлбэл уур уцаар ихтэй хүмүүс өөрийнхөө тухай чанарыг дээгүүр үнэлж, биеэ тоох шинж тэмдэг рүү хэлбийж байдаг гэнэ.
Тус хоёр удаагийн судалгаанд нийт 528 хүн оролцсон байна. Судалгаанд хамрагдагсдын уур бухимдлын төвшин болон өөрсдийн жинхэнэ оюун ухаан ба ур чадварыг хэр зөрүүтэй үнэлж байгааг хэмжжээ. Эцсийн үр дүнд түргэн ууртай, аар саархан зүйлсд уцаарладаг хүмүүсийн хувьд өөрсдийгөө илүү дээгүүр үнэлж явдаг нь батлагдсан байна.
Профессор М.Заяинковский, “Түргэн ууртай хүмүүс өөрсдийгөө үнэн бодит байдлаасаа илүү ухаалаг гэж үздэг. Уур бухимдал хүнийг нарциссизмын төөрөгдөлд оруулдаг бололтой” гэсэн байна.
Эх сурвалж: BBC