Япон, БНХАУ-ын засгийн газар 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн хоёр талын бизнес аялагчиддаа харилцан хилээ нээхээр тохиролцсон байна. Хоёр талын тохиролцооны хүрээнд Япон, Хятадын бизнес эрхлэгчид харилцан урт болон богино хугацааны бизнес аялал хийх боломжтой болох юм.
Японы засгийн газар цар тахлын халдварын тархалттай холбогдуулан тогтоосон хилийн хоригоо сулруулах алхмуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Япон улс одоогоор Сингапур, Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг орнуудтай бизнес аяллаа эхлүүлээд байгаа.
Мөн дунд болон урт хугацаагаар Япон улсад оршин суух эрхтэй гадны иргэдэд хилээ нээсэн. Хятадаас Япон руу зорчдог бизнес аялагчдын тоо хэвийн үед өндөр байдаг. Тухайлбал цар тахал дэгдэхээс өмнө 2019 онд Хятадаас Япон руу бизнес аяллаар 370 гаруй мянган бизнес эрхлэгч зорчжээ.
Энэ нь бусад улс орнуудтай харьцахад хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Японы засгийн газар цар тахлыг хязгаарлахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлого барьж байгаа. Энэ хүрээнд хэрэгжүүлэх бизнес аялагчдад хилээ нээх алхам улс орны эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлнө гэж Японы шинэ засгийн газар найдаж байна.
Эх сурвалж: BBC