Аливаа бүтээлийн гоо сайхан тал, сэтгэл татах шинж бүгдийн нүднээ илт. Харин туурвигчийнхаа ертөнц, үзэл санааны толь төдийгүй цаг үеийнхээ тусгал болдгоороо түүхийг хадгалан үлдээдэг чанар нь төдий л анзаарагддаггүй. Өнөөдөр бидэнд эдийн засаг, нийгмийн асуудлууд, даяарчлалаас урган гарсан “Бид хэн бэ, хаашаа явж байна вэ” тэргүүт асуултууд тулгараад буйг цөөнгүй уран бүтээлч өөрсдийн ажлууддаа тодоор тусгаж эхэлсэн нь эрхгүй анзаарагддаг. Тэр дундаас монгол зургийн аргаар урлаж, орчин үеийн хэлээр хүүрнэсэн ажлууд онцгойрдгийн нэг нь Ганболдын Гэрэлхүүгийн бүтээлүүд юм. ХААН галерей түүний дөрөв дэх бие даасан үзэсгэлэн “Mitochondrion”-ыг 11 сарын 5-23-ны хооронд толилуулж байна.
Г.Гэрэлхүү эртний баатрууд, дайн тулаанаар дэвсгэрлэсэн ажлуудаараа танигдсан. Ялангуяа, робот, машин техникүүдийг сөрж яваа морьтон баатрууд түүний нэрийн хуудас гэж хэлж болно. Уламжлал ба эсрэгцэл, багтарсан нийгэм, төөрөлдсөн үеийнхнийг дүрсэлдэг тэрээр энэ удаа үндсэн сэдвүүдээ гүнзгийрүүлэхийн сацуу өөрийн шийдлүүдийг тусгасныг онцлууштай. Тухайлбал, “Exoplanet”-д Их Монгол Улсын армийн ялалтын нэг нууц гэгдэх аравтын системийг математикийн томъёонуудтай сүлжээ. “Бид өөрсдийн бахархлыг үлгэр домог мэт ярихаас илүү шинжлэх ухаанч байдлаар хандаж, ул суурьтай судлаасай гэсэн хүслээ энэ бүтээлээр дайж буй юм. Нүүдлийн соёлын уламжлалыг орчин үеийн нийгмийн хөгжилтэй уялдуулж хөгжүүлэх боломжийн талаар өгүүлэхийг зорилоо” гэж Г.Гэрэлхүү тайлбарлаж байна. Тэгвэл шашныг хамгаалагч 10 хангал бурхныг ягаанаар дүрсэлсэн, уламжлалт танка зургийн тигийг барьсан “Hypothalamus temple”-д аливаа хүний дотоод дахь нандин өрөөг сүмтэй зүйрлэж, бурхдаар сахиулжээ. “Хувь хүн болоод түүний ариун нандин нууцууд руу өнгөлзөх хэрэггүй гэсэн санаа. Ерөнхийдөө хүмүүс нэгнийхээ тухай барагцаалж мэддэг шүү дээ. Гээд хэт нарийн ширийн рүү орох ёсгүй бөгөөд хувь хүнийг нь хүндлэх ёстой гэсэн үзлийг тодотгож зурсан нь энэ” хэмээн зураач өгүүлэв.
Түүний шинэхэн бүтээлүүдийн дотроос өмнөх ажлуудыг нь хамгийн ихээр санагдуулж буй нь “Interference” гэвэл хол зөрөхгүй. Монголын нийгмийн шилжилтийн үед хүүхэд насаа өнгөрүүлсэн тэрээр сайн сайхны элч болох үлгэрийн баатруудыг бодит амьдралын ярвигтай талууд, зөрчил мөргөлдөөнтэй эсрэгцүүлэн дүрсэлжээ. Баатруудын дүр бүр сайхан сэтгэл, эр зориг, ёс суртахууны төлөөлөл бол араатан амьтад нь бодит амьдрал юм.
“Mitochondrion” үзэсгэлэн томоохон хэмжээний дөрвөн бүтээл, дагалдах баримал-өргүүдээс бүрдэх бөгөөд бүхэлдээ хувь уран бүтээлчийн өөрийн санаанаас илүүтэй, үзэгч хүртэгчийн мэдрэмжийг тулгуур болгохыг эрмэлзжээ. Хүмүүс уг бүтээлүүдээс таашаал авах, үнэлэлт дүгнэлт өгөх, дургүйлхэх, эсвэл талархах гэхчлэн төрөл бүрийн сэтгэл хөдлөл үүсэх нь энэ үзэсгэлэнгийн салшгүй нэг хэсэг агаад бүхий л амьд амьтны эс дотор байрлаж, гаднаас орж ирсэн хоол тэжээлийг энерги болгон хувиргадаг жижигхэн эрхтэнцэр болох Митохондрийн нэрээр нэрлэсний учир тэр.
/Үзэсгэлэн ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн ирж үзэх боломжтой./
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.