“Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан Дүйчэн” өдөр нь Билгийн тооллын Намрын сүүл сарын 22-ны өдөр тохиодог билээ. Эцэг эхийн ачийг хариулах дүйчэн өдөр энэ 11 дүгээр сарын 7-ны өдөр тохиож байна. Эрдэнэт хүний биеийг хайрласан эцэг, эхийн цаглашгүй их ачийг санах энэхүү Дүйчэн өдрийг Бурханы шашинт улс орнууд онцгойлон тэмдэглэдэг. Бурхан багшийн “Эцэг эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай гэгээн сургаал”-д эцэг эхийн асрал хайр агуу бөгөөд нэгэн насанд хариулахад бэрх, ачлалыг хариулахад эс хичээсний гэм хүнд болохыг хүмүүн төрөлхтөнд сайтар ойлгуулахын тухайд номложээ. Өнөөгийн нийгэмд эцэг эхээ үл хүндэтгэх, үр хүүхдээ огоорох тэргүүтэн цөв бүхэн дэврэх болсон тул энэхүү сургаалыг сонсч, судлан, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.
Монголчууд эртнээс эцэг эх, ахас дээдсээ өргөн хүндэлж, хайрлан энэрэх ёс уламжлалыг үеэс үед сахин хүндэтгэж, үр хойчдоо уламжлуулан өвлүүлж иржээ. Энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, сэтгэлийг нь баясгаж, Бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна.
А. ЭНЭРЭЛ ЭХИЙН АЧЛАЛ ХЭМЖИШГҮЙ,
БУЯНЫ ҮНДЭС НЬ АСАР ГҮН БОЛОХ ӨРШӨӨЛ ХАЙРЫГ ДУРСАХ
- Үзэсгэлэн төгөлдөр ачлалт хайр: Бүрэлдэж буй үрээ бүтэн тээхийн төлөө үзэмж гой байдлаа ч умартан зүгтгэсэн
- Баатарлаг их ачлалт хайр: Тэсэшгүй ихээр хямран зововч, гагц үрээ эсэн мэнд төрүүлэхийн төлө бие, сэтгэлээ шулуутгган зоригдсон
- Шаналал бүхнээ харамгүй зориулах өглөгч их ачлалт хайр: Үхэх сэхэхийн заагт үлгэрлэшгүй ихээр туйлдан зовсон ч үрийнхээ дууг сонсон элгэндээ тэврэхийн төдийд шаналал бүхнээ харамгүй зориулсан
- Буй бүхнээ харамгүй зориулах өглөгч их ачлалт хайр: Нялх балчир үрээ эгшин төдийд ч үл мартан хайрлан хамгаалж, буй бүхнээ харамгүй зориулсан
- Энэрэнгүй халамжит халуун ачлалт хайр: Өсгөж буй үрийнхээ эрүүл мэнд, амгалан жаргалангийн төлөө өөрийн тав тухыг төгс умартан зүтгэх энэрэнгүй халамжит хайр
- Дундаршгүй их ачлалт хайр: Төрсөн үрээ сайхан муухайд үзэн сэжиглэхийн сэтгэл үгүй, улам улмаар арвитган хайрласан
- Өр нэхэн гоморхдоггүй өгөөмөр их ачлалт хайр: Төрүүлсэн үрийнхээ өв тэгш байдлын төлөө үзэмж төгөлдр залуу насаа зориулсан ч өр нэхээгүй
- Асралт буянт их ачлалт хайр: Алсад одсон үрээ санан шаналсан ч, аз заяа төөргийг нь даатган Бурханд шүтээнд залбирахаа агшин төдий ч мартаагүй
- Өр нимгэн ачлалт хайр: Өчүүхэн төдий зовлон үрд нь тохиохоос айж, өөдөсхөн үрийнхээ төлөө өөрийн амийг ч золихоос буцахгүй
- Өнө мөнхийн ачлалт хайр: Насан өндөр болсон ч нялх балчир мэт үзэн, хаана я явсан халамжлан хамгаалах нь хязгааргүй
Б. ЭЦЭГ ЭХИЙН АЧИЙГ ОГООРСНЫ ГЭМ НҮГЛИЙГ МЭДЭЖ УХААРАХ
- Эцэг эхээ эсэргүүцэн өгүүлэл тавих, хэрэлдэх, улмаар эцэг эдээ дайсангаж гэр доторх настан хүнийг “Хөгшиг зөнөг” гэж доромжлох, ах эгч, дүү, төрөл санднаа үл тоон гар зөрүүлэх тэргүүтнээр хилэнц нүглийг ихээр үйлдэж ачлалт эцэг эхээ сэтгэлийн хүнд өвчинд автуулах
- “Би бүхнийг мэднэ” гэж омогшин бардамнаж, эцэг эхийн сургаалыг үл тоон ихэд эсэргүүцээд, гэр орноосоо холдон тэнүүчилж, цаашид лавшран хүн чанаргүй, харгис хэрцгий, өштөн дайсан мэт болж,өдөр өнгөрөх тусам авах гээхийг ч ялгахгүй, өөрийгөө хорлон мунхгийн туйлд хүрнэ
- Муу хүмүүстэй нийлж, элгэн садан, эх нутгаа огоорч, алсад одож, элдвийн үйл эрхэлсээр эрдэнэт хүмүүсний биеийг барж өтөлнө.
- Зарим нь харийн нутагт амьдарч, унасан газар, угаасан ус, тээж төрүүлээд, тэтгэн өсгөсөн эцэг эхээ умартан, энэ насыг бартал эцэг эхийн элбэрэл хайрыг хэрхэн хариулах тухай өчүүхэн төдий сэтгэн, хэрхэн хүн болсноо ч үл мэдэн амьдарна
- Алс холд тэнүүчлэн, муу хүмүүстэй нөхөрлөн өөрийн бие, явдал үйлдлээ үл шинжлэн амьдарсаар, эцэст нь гэмт үйл үйлдээд гянданд хоригдох зэрэг хүнд ялаар шийтгэгдэх
- Хүнд өвчин тусаад ганцаардан зовж, гудамж захаар тэнүүчлэн нар салхинд гандан сүлд хийморь нь зайлж, эцэг эхийг ачлалыг ч сэтгэлгүй амиа хорлон егүүтгэх
- Оюун төгөлдөр төрсөн хэдий ч, ухаан муу төлөвшсөн зөв бодолгүйгээс үүдэж муу хүмүүнтэй нөхөрлөн, хорон нөлөөнд автаад, буруу мөрөөр зохисгүй үйл үйлдэж, архийг эрхэмлэн өдөр шөнөгүй согтууран элгэн садандаа ямагт хор хохирол учруулан тэвчих аргагүй нэгэн болох
- Эх эцгийн эрүүл мэндийг үл асуун, үл хайхрах тул өтөлж ядарсан эцэг эх нь ачлан сувилах хүнгүй хоцррлд зогсохгүй, өрөвдөх сэтгэлгүй үрийнхээ төлөө сэтгэл амгалангүй, өрөөл бусдаас элдэв зэмлэлийг сонсон доромжлол хүлээх
- Зарим нь харьд одож, эцэг эхээ мартан, чимээ сураг нь алдрахад эцэх эх нь үрийнхээ хойноос ямагт санаа тавьсаар сэтгэл нь өвдөж, унтаж амрхаыг ч мартдаг
- Өтөлж доройтсон эцэг эхээ асран дээдлэх нь хүмүүн төрөлхтний тогтсон жам ёс билээ. Гэтэл зарим нь энэ ёсыг үл хүндэтгэн, бусдын өмнө эцэг эх нь зэмлэгдэх элдэв ярианаас болгоомжлоод ядарсан эцэг эхээсээ туйлын их ичингүйрэн зовдог
- Эцэг эхийн үгийг үл ойшоон, эцэг эхээ мартаж, ахмад настны ч хүндлэх сэтгэлгүй болсон үрээ хараад эцэх эх нь яс нь хавталзах авч, яах ч аргагүй суудаг.
- Эцэг эхийн асрал хайр хязгааргүй бөгөөд үгээр илэрхийлэн бичиж дуусашгүй. Үр нь болж заяан үлгэрлэшгүй их тусыг нь хүртсэн атлаа эцэх эх, ахас ихсээ үл хүндлэх аваас хилэнц нүглийн үр нь энэ ба хойд төрөлд цаглашгүй хүнд бөгөөд өршөөн уучлахын аргагүйг санагтун
В. ЭЦЭГ ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛАХЫН БЭРХ ЁС
- Эцгээ баруун мөрөн дээр, эхээ зүүн мөрөн дээрэ дамнаад Сүмбэр уулын өөд авирахад, мөрийг нь дамнуурга холгон, ясанд нь хүртэл цоолж, янгинан өвчлүүлж, цус нь нэвчин урсаж, хамаг бие нь цусаар будагдсан ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадах. Энийг мянга түмэн удаа давтсан ч хариулж үл чадах
- Хоол унд ховор тарчиг үед эцэг эхээ тэжээн тэтэхийн төлөө хамаг биеийн махаа огтлон өгч, энэ мэт үйлийг мянган түмэн удаа давтан үйлдлээ ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадах
- Эцэг эхээ эсэн мэнд, амар байлгахын төлөө залбиран өөрийн хоёр нүдээ ухаж өргөн, энэ мэт мянга түиэн удаа давтан зовсон ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадах
- Эцэг эхийн амгалан жаргалангийн төлө өр зүрхээ сугалж тарчлан зовж, энэ мэт үйлддийг мянга түмэн давтлаа ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадах
- Эцэг эхийн ачлалыг хариулахын төлөө зулын гол болж шатахаас үл буцан, гар хөлийн ясаа хугачин, чөмгөө цувуулахаас үл няцан, энэ мэт үйлдлийг олон мянга давтлаа ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадах
- Эцэг эхийн ачийг хариулахын төлөө халуун моголцог төмрийг залгиж, бүхий биеэ түлэхээс буцан, энэ үйлдлийг хэдэн мянгатаа давтсан ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж үл чадах
Г. ЭЦЭГ ЭХИЙН ӨРШӨӨЛ ХАЙРЫГ ХЭРХЭН ХАРИУЛАХ
Бурхан багш эцэг эхийн ачлал хайрыг хэрхэн хариулах аргыг эс олбоос үнэхээр ичгүүрт хэрэг хэмээн, эцэг эхийн өршөөл хайрыг хариулья гэвэл дараах зургаан зүйлийг гүйцэтгэх хэрэгтэй гэж айлджээ. Үүнд:
- Эцэг эхийн ачлалыг хариулах тухай энэ аймгийн номыг бич
- Энэ аймгийн номыг үргэлж унш
- Үйлдсэн бүх гэмээ наминчлан боомтолж, буяны үйлд шамд
- Багш гурван эрдэнийг авралд барин, үргэлжид даган ор
- Ёс журам, шагшаабадыг чанд сахиж хэрхэвч бүү цалгардуул
- Дээдийн номыг үйлдэх мэргэн аргыг дэлгэрүүлэн
Зон олон ардад өөрийн биеэр үлгэрлэн буяны үндсийг тавигтун гэжээ.
Эцэг эхийг ачийг эс хариулбаас энэ нас барагдсаны эцэст тамын орноо одмуй.
Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан Дүйчэн ӨДӨР”-ийг тэмдэглэх хөтөлбөр
“Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр”-ийг тохиолдуулан МБШТөв Гандантэгчилэн хийдээс 2020.11.07-ны өдөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
06:30-08.00 Сүсэгтэн олонд зориулж нэг өдрийн сахил хүртээнэ
08:00-17:00 “Бурхан багшийн чого” хурал ном Гандан дуганд хурна
08:00-17:00 “Дэмчогийн чого” хурал ном Очирдарь бурханы дуганд хурна
12:00-12.20 “Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр”-ийн номын айлдварыг МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн, Их хамба лам, гавж Д.Чойжамц айлдана
12:20-12.40 “Эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээхүйн утга учрын талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам, Азийн Буддистуудын энхтайвны бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав айлдана
12:40-13.00 “Эцэг эхийн ачийг хариулах” тухай МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, Лхаарамба, Монгол багш Д.Жавзандорж айлдана.
19:00-06:00 Дарь эхийн магтаал хурж хонох буян номын үйл ажиллагаа.МБШТөв Гандантэгчэнлин хийд.Гунгаачойлин дацан.