АНУ-ын засгийн газар "Huawei"-н эсрэг хориг тавьснаар "Samsung"-ын борлуулалт огцом өсчээ
Дэлхийд тэргүүлэх технологийн компаниудын нэг Samsung энэ жилийн гурав дахь улирлын ашиг орлогоо танилцууллаа. Тус компани энэ оны 7-9 дүгээр сарын хугацаанд 59 тэрбум ам.доллар олсон нь жилийн өмнөх энэ үетэй харьцуулахад огцом өссөн үзүүлэлт юм.
Тодруулбал оны гуравдугаар улиралд ухаалаг гар утасны борлуулалт 50 хувь, бичил чипнээс олсон орлого 82 хувиар өсчээ. Компанийн цэвэр ашиг 8,3 тэрбум ам.долларт хүрсэн нь жилийн өмнөх үеэс бараг 50 буюу 49 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Ашиг орлого ийнхүү огцом өссөн нь АНУ-ын Засгийн газар Хятадын Huawei компанийн эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүн гэж ажиглагчид тайлбарлаж байна.
Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын худалдааны газраас зөвшөөрөлгүйгээр Huawei компанид чип худалдсан гадны ямар ч компанийн эсрэг хориг тавина хэмээн анхааруулсан. Америк-Хятадын худалдааны дайны үр дүнд Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын технологийн Huawei, TikTok, Wechat зэрэг технологиудыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэн хориг арга хэмжээ эхлүүлсэн. Энэ нь Huawei-н гол өрсөлдөгч Samsung компанид борлуулалтаа нэмэгдүүлэх таатай завшаан боллоо.
Хамгийн их ашиг орлого цуглуулахад бичил чипний борлуулалт ихээхэн нөлөөлсөн. Ухаалаг гар утас, цахилгаан бараа, мэдээллийн төвүүдийн гол хангамж болох бичил чипний хэд хэдэн томоохон гэрээ хэлэлцээрийг хийжээ.
Нөгөө талаар коронавирусийн халдварын тархалтаас үүдэж хэрэглэгчид гэрээсээ ажиллах шаардлагатай болсон нь технологийн зах зээлд таатай боломжийг бүрдүүлсэн. Гэхдээ Samsung-ын зүгээс энэ жилийн сүүлчийн улирал буюу 10-12 дугаар сард ашиг орлого буурна гэсэн тооцооллыг гаргажээ. Учир нь ухаалаг гар утас, хэрэглээний цахилгаан хэрэгслийн зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн дунд хямд мөртлөө хэрэглээнд ойр чипний эрэлт өснө гэж таамаглаж байна.
Эх сурвалж: ВВС