Эргээд татах хаалгаа хэзээ ч бүү “чанга” хаа…
Бага боддог хүн их алддаг Эртний Герегийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн.
Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь заяаны төөргөөр алдаанаас эгнэгт ангид байх нь өдрийн од, шөнийн солонго мэт ховор.Хүн өөрийгөө байгаагаасаа илүү дөвийлгөн үнэлэх хэрэггүй. Биеэ хэтрүүлэн үнэлвээс бардам давилуун зангаас үүдэлтэй алдааны намагт гүн шигдэнэ.
Тэрчлэн өөрийгөө дутуу үнэлж, мөнхөд сэтгэл дундуур, толгой гудайн явах ч хэрэггүй. Өөрийгөө дутуу үнэлвээс нунж дорой, гутрал гунигаас үүдэлтэй алдааны бохир суваг шуудуу руу палхийтэл ойчно. “Чи өөрийгөө байгаагаасаа илүү, эсвэл дутуу үнэлвэл аль аль нь том алдаа болдог”-ийг санаж яв. Гэнэн хонгор насны гэм хор багатай алдааг дайралгүй, тойрч гарсан хүн ховор биз ээ. Хүн санаатай болон санамсаргүй алдаа гаргадаг. Санаатайгаар алдаа гаргаж, ажил амьдралаа түйвээх мунхаг дотортон харамсалтай нь цөөнгүй байсаар байна. Хүмүүсийн санамсаргүй алдсан алдааг тоолж болдогсон бол толгойтой үсний тооноос давах байх. Хэнэггүй зангаас болж алдах нь хэтэрхий олон, харамсмаар их.
Нэрэлхүү зангаас болж алдах нь тийм ч цөөнгүй. Хүн нэгэнт алдах тавилантай бүтээгдсэн болохоор заавал алдаж эндэж байх ёстой мэтээр сэтгэж, алдаагаа өнгөлөн далдалж, өмгөөлөн хаацайлах нь ухаантай хүний шинж биш. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Алдаж эндвэл алдаагаа хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Бүх хүмүүс алдаа хийдэг, харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг” гэсэн үг бий. Аугаа их хүмүүсийн жишиг зиндаанд ойртон дөхөхийн тулд алдаагаа хүлээж сур.
Эх сурвалж: Фэйсбүүк