АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өрсөлдөгчөө сонгуулийн үр дүнг луйвардсан хэмээн буруутгав
АНУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп Ардчилсан намынхныг сонгуулийн тогтолцоонд хохирол учруулж, сонгууль шудрага явагдсангүй хэмээн мэдэгджээ.
Тэрээр өөрийн албан ёсны твиттер хуудаснаа, "Манай өмгөөлөгчид санал тоолох ажиллагааг хянах хүсэлт гаргасан. Гэхдээ манай сонгуулийн тогтолцооны бүрэн бүтэн байдал болон сонгуулийн үйл ажилагаанд хэдийн нөлөөлж, хохирол учруулсан. Эдгээр асуудалд л анхаарлаа хандуулмаар байна." хэмээн бичжээ.
Нэр дэвшигч Доналд Трампын хувьд өөрийгөө сонгуульд ялалт байгуулсан хэмээн мэдэгдэж, Ардчилсан намынхан сонгуулийг луйвардах гэж оролдож байна хэмээн буруутгасан ба түүний сонгуулийн баг саналын хуудсыг дахин тоолохыг шаардаж, шүүхэд хандахаар бэлтгэж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй байгаа ч энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн олон хүний саналыг авсан нэр дэвшигч болон тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой болоод байна.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байден 70 сая гаруй хүний санал авч, 2008 онд нэр дэвшигч Барак Обамагийн 69 сая гаруй санал авсан рекордыг эвдээд байна. Энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц өнгөрсөн 120 жилд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг мэргэжилтнүүд онцолсоор байгаа билээ. АНУ-ыг ирэх 4 жил удирдах нэр дэвшигч иргэдийн саналын тоогоор бус сонгогчдын коллегийн төлөөлөгчдын саналаар тодордог ч нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулахад шаардлагатай 270 саналд ойртоод байна.
Одоогийн байдлаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгогчдын коллегийн төлөөлөгчдын 264 саналыг аваад байна. Түүний өрсөлдөгч Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп 214 саналтай явж байна.
Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Мичиган мужид ялалт байгуулжээ Хөвөгч муж хэмээн нэрлэгддэг уг мужид сонгогчдын коллежоос тэрбээр 16 санал авснаар түүний авсан нийт санал 264 болж байна.
Одоо Невада /6 сонгогч/, Пенсильвани (20), Жоржиа (16), Умард Каролина (15), Аляск (гурав) мужийн санал тоолох үйл явц үргэлжилж байна. Невадад Байден тэргүүлж байгаа бол бусад мужуудад Трамп тэргүүлж байна.
Нэр дэвшигч Жо Байден энэ эрчээрээ Невада болон Аризонад ялалт байгуулж чадвал сонгогчдын коллегийн төлөөлөгчдын 270 саналыг авч, ирэх 4 жилд АНУ-ыг удирдах боломжтой болох юм.
Жо Байден АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болоход ойр ирсэн ч нэр дэвшигч Доналд Трампад сонгуульд ялалт байгуулах боломж бас байгааг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Ингэхийн тулд тэрээр Хойд Каролина, Жоржия болон Мэйн мужуудад саналын тоогоороо тэргүүлсэн байр сууриа хадгалж үлдэх шаардлагатай ба Пенсильвани, Аризона мужид ялалт байгуулах нь чухал ач холбогдолтой аж.
Эх сурвалж: BBC, CNN