2030 он гэхэд аль орон хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэх вэ?
Википедиад бичсэнээр “Хиймэл оюун гэдэг нь компьютерийн програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дуурайлгасан ба бараг ижил төвшинд хүргэсэн технологийн төрөл ба аливаа зүйлийг хийдэг ба үйл ажиллагааг удирдахад зориулагддаг болно” гэжээ. Тэгвэл энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн гэж юу вэ? Энэ нь их өгөгдөл, мэдээлэл дээр тулгуурлан хүний амьдралын чанарыг сайжруулах, хөдөлмөрийг хөнгөвчлөх нэгэн төрлийн хэрэглэгдэхүүн юм. Нэг ёсондоо чулуун зэвсгийн үед чулууг бутлан хурц ирмэг гаргаж түүгээрээ ан агнах, газар ухах зэрэгт ашиглаж байсантай адил хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх технологийн хөгжлийн үргэлжлэл гэж хэлж болно. Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх энэ процесс хэзээ ч дуусахгүй байх. Оршлоо энд хүргэж өндөрлөөд зарим орнуудын хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч орон болохыг тулд барьж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр болон түүнтэй холбогдох санхүүжилтийн мэдээллийг хүргэе.
Австрали улс
Австрали улс одоогоор хиймэл оюун ухаанд зориулсан стратеги байхгүй боловч 2018–2019 оны төлөвлөгөөндөө хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд 4 жилийн турш зарцуулахаар 29.9 сая австрали долларыг төсөвлөжээ. Уг санхүүжилтийн хүрээнд хамтарсан судалгааны төв байгуулах, докторын тэтгэлэг болон хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах чадварлаг боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд зарцуулагдах юм.
Хиймэл оюун ухаан нь Австрали 2030 хөтөлбөрийн цахим эдийн засгийн чиглэлд тэргүүлэх чиглэл юм. Австралийн засгийн газар нь хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, хөгжүүлэх технологийн ерөнхий зураглал, түүнтэй холбогдох стандартуудыг гаргахын сацуу хариуцлагатай хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор хиймэл оюун ухаантай холбогдох ёс зүйн хэм хэмжээг ч боловсруулах зорилготой.
Канад улс
Канад нь үндэсний хиймэл оюун ухааны стратегитай болсон анхны орон юм. 2017 онд таван жилийн Бүх Канадын Хиймэл оюун ухааны стратегийг хэрэгжүүлэхэд 125 сая канад долларыг төсөвлөжээ.
Энэхүү стратеги нь хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах судлаачид, төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх, гурван институцэд судалгаа шинжилгээний төв байгуулах, Хиймэл оюун ухааны эдийн засаг, ёс зүй, бодлого болон холбогдох хууль тогтоомжийн чиглэлд манлайллыг бий болгох болон үндэсний хиймэл оюун ухааны судалгааны бүлгийг дэмжих гэсэн дөрвөн үндсэн зорилготой. Канадын ахисан төвшний судалгааны хүрээлэн манлайлан, Канадын засгийн газар болон хиймэл оюун ухааны гурван институц энэхүү стратегийг хэрэгжүүлэх юм.
Бүгд Найрамдах Хятад Ард улс
Хятад улс хиймэл оюун ухааны онол, технологи, хэрэглээгээрээ тэргүүлэгч орон болох амбицтай зорилгоо 2017 танилцуулсан. Энэхүү стратеги нь хиймэл оюун ухааны судалгаа болон хөгжүүлэлт, үйлдвэрлэл, боловсон хүчний бэлтгэл, ёс зүйн асуудлууд, боловсрол, хамгаалалт зэрэг олон чиглэлийг хамарсан тул бусад орнуудаас хамгийн цогц хөтөлбөр гэж хэлж болохуйц юм.
Уг стратеги нь нэгдүгээрт, 2020 он гэхэд өрсөлдөгч орнуудтай эн зэрэгцэх, хоёрдугаарт 2025 он гэхэд хиймэл оюун ухааны зарим чиглэлд дэлхийд тэргүүлэгч орон болох, Гуравдугаарт, 2030 он гэхэд Хиймэл оюун ухааны инновацийн хөгжлийн төв цэг болох гурван шаттай. 2030 он гэхэд хиймэл оюун ухааны зах зээл 1 триллион, түүнтэй холбогдох үйлдвэрлэлийн зах зээлийг 10 триллионтой хүргэх зорилттой.
Энэхүү төлөвлөгөө нь засгийн газрын бусад хөтөлбөрүүдтэй уялдаатайгаар хэрэгжиж буй бөгөөд эдгээрт хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах орон нутгийн ажилчдыг нэмэгдүүлэх, чадваржуулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх болон хиймэл оюун ухааныг дэлгэрүүлэхэд баримтлах ёс зүйн баримт бичгийг үйлдэх. Мөн түүнчлэн Хятадын засгийн газар үндэстнийхээ томоохон технологийн компаниудтай хамтран Бээжин хотноо 2.1 тэрбум юанийн Хиймэл оюун ухааны судалгаа технологийн парк байгуулахаар ажиллаж байна.
Герман улс
Герман улс нь хиймэл оюун ухаанд суурилсан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох зорилготой. Үүний тулд Герман -Европын хиймэл оюун ухааны судалгаа шинжилгээг чанаржуулах, цар хүрээг тэлэх, хиймэл оюун ухаанд суурилсан аппликэйшнүүдийг олноор бүтээх, энэ чиглэлийн гарааны бизнес болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг ажлуудыг хийх юм.
Олон улсын чадварлаг боловсон хүчнийг татах, хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх, их өгөгдлийг нээлттэй болгох, ил тод ёс зүйтэй хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, хиймэл оюун ухаанаар машин техник, эмнэлгийн тоног төхөөрөмж болон үйлчилгээний аппликэйшнүүдэд ашиглан уг бүтээгдэхүүнүүдийг экспортлох зэрэг ажлууд мөн хийгдэнэ
Германы хиймэл оюун ухааны судалгааны хүрээлэн нь одоогоор эцсийн бүтээгдэхүүнд үйлдвэрлэлд зориулсан санхүүжилтийг үзүүлж байна. Alexander von Humboldt Foundation нь судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гаднын орны чадвартай мэргэжилтнүүдийг Германы хөдөлмөрийн зах зээл рүү татах ажлыг голчлон хийдэг. Хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжийн нийгэмд үзүүлэх нөлөөг шинжлэх зорилгоор 19 парламентын гишүүн болон 19 хиймэл оюун ухааны салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг холбогдох илтгэлүүд болон засгийн газарт өгөх зөвлөмжийг 2020 онд танилцуулах юм.
Энэтхэг улс
Энэтхэгийн хиймэл оюун ухааны стратеги нь эдийн засгийн өсөлтөө дэмжээд зогсохгүй нийгмийн асуудлуудаа ч бас шийдвэрлэхэд чиглэгдсэн. NITIAayog буюу Энэтхэгийн төрийн судалгаа шинжилгээний байгууллагын илтгэлд хиймэл оюун ухааны стратеги нь Хиймэл Оюун Ухааныг Хүн бүрд гэсэн зорилгоор ажиллах юм.
Энэхүү стратегийн гол гурван зорилго нь: Ажлын байранд Энэтхэгчүүдийг бэлтгэх, чадваржуулах, Нийгэмд чухал нөлөө үзүүлэх болон эдийн засгийн өсөлтийг дэмжих судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулах, Энэтхэгт үйлдвэрлэсэн хиймэл оюун ухааны шийдлүүдийг хөгжингүй орнуудад түгээх. Энэтхэгт Хиймэл оюун ухааны судалгааны хүрээлэн байгуулах бөгөөд энэхүү хүрээлэн нь хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмж бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дараагийн нэгжийг бүрэн боловсруулсан их өгөгдөл, хэрэгцээт судалгаагаар хангах юм. Эрүүл мэнд, хөдөө аж ахуй, ухаалаг хот зэрэгт хиймэл оюун ухааныг ашигласнаар нийгэмд үр өгөөжтэй хэмээн үзэж эдгээр салбаруудад онцгой ач холбогдол хандуулж байна.
Япон улс
2016 онд Ерөнхий сайд Абегийн заавраар зохион байгуулагдсан “Ирээдүйд хөрөнгө оруулах нь” төр хувийн хэвшлийн хэлэлцүүлгийн үеэр Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх стратегийн баг байгуулагдсан. Энэхүү баг нь төр, их сургууль, хувийн хэвшил үйлдвэрүүдийн төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ба Японы хиймэл оюун ухааны судалгаа шинжилгээ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтуудыг гаргасан юм. Хиймэл оюун ухааны технологийн стратеги нь 2017 оны 3-р сард олон нийтэд танилцуулагдсан.
Сингапур улс
2017 оны 5 дугаар сард “Хиймэл Оюун ухаан -Сингапур” үндэстний хөтөлбөрөө олон нийтэд танилцуулсан. Уг хөтөлбөр нь 150 сая сингапур долларын төсөвтэй бөгөөд дараагийн үеийн их давалгааг үүсгэх хиймэл оюун ухааны судалгааг хийх, хиймэл оюун ухааныг ашиглан нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх, хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх зэрэг чиглэлүүдэд ажиллах юм.
Энэхүү хөтөлбөр нь дөрвөн гол бүрэлдэхүүнтэй. Нэгдүгээрт, Сингапур улсад буй хиймэл оюун ухааны гол бүтээгдэхүүнүүдийг сайжруулахад зориулсан Хиймэл оюун ухааны суурь судалгаануудыг санхүүжүүлэх, Хоёрдугаарт, Сингапур улс болон дэлхийн хэмжээнд тулгамдах буй асуудлыг хиймэл оюун ухаанаар дамжуулан шийдвэрлэх зорилготой санаачилгуудыг дэмжих, Гуравдугаарт, үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг санхүүжүүлэх, Дөрөвдүгээрт, Хиймэл оюун ухааны салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх. Мөн 2018 оноос Сингапур улс хиймэл оюун ухаантай холбогдох ёс зүйн асуудлуудад ихээр анхаарах болсон.
Бүгд Найрамдах Солонгос улс
2016 онд Өмнөд Солонгосын засгийн газар хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд 1 триллион воны хөрөнгө оруулалт , 2018 онд шинэ таван жилийн төлөвлөгөөндөө зориулан 2.2 триллион воны хөрөнгө оруулалт хийхээ зарласан. Энэхүү төлөвлөгөө нь гурван хэсэгт хуваагдана.
Нэгдүгээрт, 2020 он гэхэд 5,000 хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд бэлтгэх зорилготой зургаан дээд сургууль байгуулах. Хоёрдугаарт, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн төслүүдийг санхүүжүүлэх. Голчлон анхаарах салбарууд нь батлан хамгаалах, анагаах ухаан, нийтийг аюулаас хамгаалах зэрэг болно. Гуравдугаарт, 2029 онд хиймэл оюун ухааны бизнесийг дэмжих хөгжүүлэхэд зориулсан бизнес инкубаторуудыг ажиллуулах.
Тайвань, БНХАУ
2018 оны 1 дүгээр сард Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх Тайваны үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулсан. Энэхүү төлөвлөгөө нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих ба жилийн 10 тэрбум шинэ тайван долларын санхүүжилттэй. Дараах таван чиглэлд ажиллана. Нэгдүгээрт, 2021 он гэхэд 1000 ахисан төвшний хиймэл оюун ухааны судлаачид болон 10,000 хиймэл оюун ухааны чиглэлд холбогдох мэргэжилтнүүдийг бэлтгэх.
Мөн гаднын орноос хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах чадварлаг мэргэжилтнүүдийг татах зорилгоор гадаадын иргэдэд ажиллах таатай орчинг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, үйлдвэрлэлд ашиглах хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор Америк болон Японы туршлагуудыг нэвтрүүлэн туршилтын төслүүд хэрэгжүүлэх, Гуравдугаарт, Олон улсын хиймэл оюун ухааны төв нэгдэл байгуулж нэг зуун хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах гарааны бизнесийг дэмжинэ. Дөрөвдүгээрт, хиймэл оюун ухааны гол тэжээл болох их өгөгдөл, мэдээллийн санг нээлттэйгээр ашиглах механизм, таатай орчныг бүрдүүлнэ, Тавдугаарт хиймэл оюун ухааны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих.
Их Британи Умар Ирландын Нэгдсэн Вант улс (ИБУИНВУ)
Их Британийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн нэг голчилж буй салбар нь хиймэл оюун ухааны салбар юм. Хиймэл оюун ухааны чиглэлээр төрийн болон хувийн хувийн хэвшлийн судалгаа шинжилгээг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн боловсрол олгоход хөрөнгө оруулах, цахим дэд бүтцийг сайжруулах, хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах боловсон хүчнийг сургах болон хиймэл оюун ухаан-их өгөгдлийн ёс зүйн асуудал болон түүнийг ашиглах хэм хэмжээг тодорхойлох хэлэлцүүлгүүдэд дэлхийд тэргүүлэгч орох болох зэрэг нь энэхүү стратегийн гол юм.
Хиймэл оюун ухааны хөгжлийн түүх хагас зууны түүхтэй. Улс орон бүр нэг ижил гараанаас эхэлж байна гэж буй. Үнэндээ үгүй юм. Орлогын ялгаатай байдал боловсролын чанарт нөлөөлж тэгш бус байдлыг дэвэргэдэг тухай уншигч та эндээсуншсан байх. Үүний мөн адил улс орны орлого, хүн амын боловсролын төвшин, нийгэм эдийн засгийн байдлаас хамааран өгөгдсөн даалгавар ижил ч түүнийг гүйцэтгэх, давуулан биелүүлэх, даалгаврыг өөрчлөх боломж хиймэл оюун ухааны салбарт харилцан адилгүй байна.
Эх сурвалж: medium.com