Франц улс алан хядах ажиллагаатай тэмцэх цэргийн ажиллагаанд оролцогчийн тоог 2 дахин нэмлээ
Францын Ницца хотын төв, Нотр-Дам сүмийн ойролцоо тунис гаралтай нэгэн этгээд хүмүүс рүү хутга барин халдсан хэрэг гарчээ. Халдлагын үеэр 3 хүн амиа алдсаны нэг нь номлогч, нэг нь Бразилийн иргэн байсан гэнэ. Мөн 6 хүн шархаджээ. Гэмт этгээдийг саатуулах үеэр хүнд гэмтсэн байна. Тэрээр “Аллах акбар” хэмээн тасралтгүй давтан хэлж байсан гэж Ницца хотын дарга мэдэгдсэн байна.
Терроризмын эсрэг прокурорын газраас энэ хэргээр мөрдлөг шалгалт явуулж эхэлжээ. Халдлага үйлдсэн этгээдийг тунис гаралтай, 1999 онд төрсөн, саяхан Италийн Лампедуза арлаас Францад ирсэн гэж мэдээлжээ.
Халдлагын дараа Ницца хотод ирсэн Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон болсон явдлыг алан хядах ажиллагаа гэж нэрлээд, шашны байгууллага, дунд сургуулиудын хамгаалалтыг чангатгана, цэргүүдийнхээ тоог нэмнэ гэж мэдэгдсэн байна. Энэ дагуу алан хядах ажиллагаатай тэмцэх цэргийн ажиллагаанд оролцогчийн тоог хоёр дахин нэмж, 7000 болгосон байна. Ницца хотод гарсан халдлагын дараа Франц даяар алан хядах ажиллагаатай тэмцэх төлөвлөгөөг хамгийн дээд түвшин болгон зарлажээ.
Энэ халдлагаас хоёр цагийн дараа Авиньон хотод өөр нэгэн этгээд явган хүмүүс рүү хутга барин дайрсан ч эргүүлийн цагдаа нар түүнийг устгасан байна. Түүнчлэн Лион хотод хутгатай этгээд трамвай руу халдсанаас гадна өчигдөр Саудын Арабын Жидда хотод тус улсын нэг иргэн Францын консулын газрын хамгаалагч руу хутга барин дайрч, шархдуулжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хатуу байр сууринаас болоод Франц улс сүүлийн хэдэн долоо хоногт исламист радикалуудын бай болоод байгаа юм. Дунд сургуулийн багшийг хөнөөсөн хэргээс улбаатай энэ мэдэгдлээс болоод Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Эммануэль Макроныг эрс шүүмжилсэн бол лалын шашинт орнууд франц бараа бүтээгдэхүүнийг "бойкотолж" эхэлсэн байна.
Эх сурвалж: BBC