Шинэ Зеландад эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүс өөрсдийн хүсэлтээр хорвоогоос явах боломжтой болжээ
Өнгөрсөн 10-р сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар Шинэ Зеландчуудын дийлэнх нь эвтаназийг хуулиар зөвшөөрөх явдлыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Тодруулбал бүх нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн 65.2 хувь нь 2019 оны Амьдралаа Төгсгөх Сонголтын тухай хуулийн төслийг хэрэгжүүлж эхлэхийг дэмжжээ. Эвтанази гэдэг нь эдгэршгүй хүнд өвчтэй хүнийг өөрийнх нь хүсэлтээр өвчин зовлонгоос нь ангижруулж, амийг нь тасалж, нөгөө ертөнц рүү илгээхийг хэлдэг ба Шинэ Зеландад Амьдралаа Төгсгөх Тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр 6 сараас дээш амьдрах хугацаагүй, эдгэршгүй хүнд өвчтэй хүн хоёр эмчийн зөвшөөрөлтэйгээр хорвоог орхих боломжтой болох аж.
Парламентын сонгуультай зэрэгцэн явсан бүх нийтийн санал асуулгын эцсийн дүн гараагүй байгаа ба саналаа шуудангаар илгээсэн болон гадаадад байгаа иргэдийн 480 мянга орчим саналыг тоолоогүй байгаа аж. Гэсэн хэдий ч энэ нь санал асуулгын дүнд хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Ингэснээр Шинэ Зеландын Амьдралаа Төгсгөх Сонголтын тухай хууль 2021 оны 11-р сараас хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа аж. Эвтаназийг дэлхийн цөөн хэдхэн оронд хуулиар зөвшөөрдөг ба Шинэ Зеланд улс удахгүй тэдгээрийн нэг болох юм. Шинэ хуулийн төслийг дагуу Эвтанази хийлгэх иргэн дараах шаардлагуудыг хангасан байх ёстой ба үүнд эдгэршгүй хүнд өвчтэй байх, өвчнийхөө улмаас амьдрах хугацаа нь 6 сараас хэтрэхгүй болсон байх.
Түүнчлэн биеийн хөдөлгөөн нь хязгаарлагдаж, бие физиологийн чадамж нь огцом буурсан байх ёстой ба хамгийн гол нь өвчтөний Эвтанази хийлгэх сонголт нь эрүүлээр, сайтар эргэцүүлж бодож гаргасан шийдвэр байх ёстой аж. Бүх шаардлагад нийцсэн өвчтөнд тусгай зөвшөөрөлтэй эмч эсвэл сувилагч тусгай хяналтан доор үхлийн тунг тарих гэнэ. Түүнчлэн хуулийн дагуу эвтаназийг өндөр нас, сэтгэцийн өвчин эсвэл дан ганц биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үндэслэлээр хийхгүй аж. Эвтанази нь Бельги, Канад, Колумб, Люксембург, Нидерланд, Швейцар болон АНУ, Австралийн зарим мужуудад хуулиар зөвшөөрдөг байна.
Эх сурвалж: BBC