Гурав хоногт долоон амь...тэд цэцэрлэгийн сугалаанд азгүйтсэн л байх даа!
Дахиад гурван хүүхэд Сонгинохойрхан дүүрэгт гэртэйгээ шатаад нас барчихлаа. Ердөө гуравхан хоногийн өмнө 2-7 насны дөрвөн балчир бас л энэ дүүргийн нутагт галд амиа алдсан. Гуйж байна, гадна дотнын хөрөнгө оруулалт татаад, үйлдвэрлэл уул уурхайгаа зохих хэм хэмжээнд хөгжүүлээд, ажлын байрыг нэмэгдүүлээд, 88 хувь нь ядуу амьдарч байгаа иргэдээ ажилтай, орлоготой болгоод, гэртээ цоожлогддог бяцхан хүүхдүүддээ цэцэрлэг бариад өгөөч дээ...архидалт багасна, амь насаа цаг бусаар, шударга бусаар алддаг эмгэнэлт явдлууд татарна.
Улсын төсөвтөө тансаглалыг бус, тасалдаж буй амьсгал залгуулах сэхээний хөрөнгө оруулалт суулгаад, хаягдаж ядуурсан 88 хувьдаа халамжийн бус аргаар ажил, цэцэрлэг, сургуулийн орчин бүрдүүлээд өг л дөө. Дахиад хэдэн хүүхэд өнөө маргаашгүй шатаж болзошгүй орчин нөхцөлтэй гэрт цоожтой үлдэж, дахиад хэдэн хүүхэд архичин аав, ажилгүй ээжийн үйлийн лайг үүрч буцах юм бэээээ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар...та нар тасарчихаад үүлэн дээр үүлгэртэж хөвөөд байна шүү дээ.
Хуучин бакал бөөндөж аваад машины муу тосонд хонуулан түлээд сууж байгаа ард иргэдийнхээ амьдралтай хөмсөг зангидаж хөмхий зуулгүйгээр, урьдчилан бэлдэж угтагч зогсоолгүйгээр танилцаатах л даа...хүүхдүүд юу идэж, ямар хөдөлмөр эрхэлж, ямар хүнд нөхцөлд, дайны байдлаас ч дор амьдарч, амьд үлдэх гэж ханын цаас хуулан зажилж, хаягдсан гэрт цоожтой үлдэж буйг хараатхаач дээ. Тэгвэл тэр тэнэгрэл, тансаглалын төсвөөсөө ичиж үхнэ. Гурав хоногт долоон амь...тэд цэцэрлэгийн сугалаанд азгүйтсэн л байх даа.
Р.Эмүжин