Бельгид эмч, сувилагч нар коронавирусын халдвар авсан ч ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүрчээ
Коронавирусын халдварын голомт болоод буй Бельгийн 3 дахь том хот болох Льежд КОВИД-19 өвчний халдвартай нь тогтоогдсон ч өвчний шинж тэмдэг илрээгүй эмч, эмнэлгийн ажилчид ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүрээд байгаа аж.
Бельгийн Эрүүл мэндийн салбарын удирдлагуудын мэдээлж байгаагаар тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгууд ирэх хоёр долоо хоногийн хугацаанд дүүрэх төлөвтэй байгаа ба зарим эмнэлгүүд эмч, эмнэлгийн ажилчдын дутагдалд оржээ. 11.5 сая хүн амтай тус улсад өнгөрсөн долоо хоногт л гэхэд өдөрт дунджаар 13 мянга гаруй хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон билээ. Бельги дэх Коронавирусын цар тахалтай тэмцэх албаны төлөөлөгч Ив Ван Летэм бельгичүүд халдвараас сэргийлж, хандлагаа өөрчлөхгүй бол эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгуудын багтаамж 15 хоногийн дараа дүүрнэ хэмээн анхааруулсан байна.
Льежийн их сургуулийн дэргэдэх эмнэлгийн Харилцаа хариуцсан захирал Луи Мараит эмнэлэгт нь эмч, эмнэлгийн ажилчдын тоо дутагдаж байгаатай холбоотойгоор коронавирусын халдвартай ч өвчний шинж тэмдэг илрээгүй эмч, ажилчдыг ажиллуулахаас өөр аргагүйд хүрээд байгаа тухайгаа ярьсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Бельги дэх Коронавирусын цар тахалтай тэмцэх албаны төлөөлөгч Ив Ван Летэм эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт одоогийн байдлаар 1000 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ч энэ долоо хоногийн сүүл гэхэд энэ тоо 1250-д хүрэх төлөвтэй байгааг онцолжээ. Бельгийн засгийн газраас коронавирусын халдварын тархалтыг удаашруулахын тулд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа ба шөнийн 12 цагаас өглөөний 5 цаг хүртэл хөл хорио тогтоожээ.
Түүнчлэн эрх баригчид кафе, зоогийн газруудыг зөвхөн хүргэлтээр үйлчлэх, иргэдийг аль болох гэрээсээ ажиллахыг зөвлөөд байна. Мэргэжлийн спортын тэмцээн уралдаануудаас бусад тэмцээн уралдаануудыг цуцалж, мэргэжлийн спортын тэмцээнүүд үзэгчгүй зохион байгуулагдахаар болжээ. Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Бельгид уг вирусын халдварын 333 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, коронавирусын халдварын улмаас 10 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: CNN