Ганцхан товчлуур дарах төдийд харь гаригийн хөлөг болон робот төхөөрөмжүүдийг ажиллагаагүй болгох супер зэвсэгүүд Оддын дайн, Матрикс зэрэг сонгодог уран зөгнөлт кинонуудад дүрслэгддэг. Тэгвэл уран зөгнөлийг бодит байдал болгох технологийг нисэх онгоц үйлдвэрлэгч Боеинг компани бүтээж байна. Энэ шинэ зэвсэг нь цахилгаан соронзон долгион ялгаруулж, хүний биед ямар нэгэн хор хохирол учруулалгүйгээр зөвхөн электрон төхөөрөмжүүдийг ажиллагаагүй болгох чадвартай юм
Тус компани шинэ зэвсэгийн анхны туршилтыг амжилттай хийж, нисэх төхөөрөмжийн 1 цаг үргэлжилсэн нислэгийн явцад Юта мужын цөлд байрлах цэргийн байгууламжийн компьютерүүдийг ажиллагаагүй болгожээ. Туршилтын хүрээнд нийт 7 байд амжилттай довтолж, дүрс бичлэгийн камерүүдийг хүртэл жагсаалаас гаргасан байна. Аюулгүйн үүднээс туршилтын бичлэгийг нийтэд толилуулаагүй боловч пуужингаас долгион ялгаруулах үед компьютерүүд хэрхэн ажиллагаагүй болж байгааг судалгаанд оролцогчдын сэтгэгдлийн хамт танилцуулсан байна.
Шинэ зэвсэг хамгаалагдсан байгууламжууд болон агуйд ч нэвтэрч чадах учир Ираны сэжиглэгдэж буй цөмийн байгууламжуудад довтолж чадна хэмээн найдаж байна. "Энэ технологи дайсны электрон төхөөрөмж болон мэдээллийн баазыг аюулгүй болгож, орчин үеийн дайн тулааныг шинэ төвшинд хүргэнэ" хэмээн Боеинг компаний хэрэгжүүлж буй CHAMP хөтөлбөрийн менежер Кийт Колман хэлжээ. 40 сая долларын өртөг бүхий уг төсөл 4 жилийн өмнө Пентагоны төлөвлөсний дагуу АНУ-ын агаарын цэргийн судалгааны төвийн захиалгаар хэрэгжиж байна.
Харин мэргэжилтнүүд ийм төрлийн зэсвэг буруу гараар ашиглагдаж, барууны томоохон хотуудын эсрэг чиглэхээс болгоомжилж байгаа юм. Өндөр хөгжилтэй улс орнууд электрон төхөөрөмжөөс улам бүр хамааралтай болж байгаа нь тэдгээрт чиглэсэн довтолгоонд эмзэг байдлыг бий болгож байна. Мөн энэ судалгаа бусад улс орнуудыг ч адил төрлийн зэвсэг бүтээх өрсөлдөөнд оруулна хэмээн шинжээчид сэтгэл зовниж байна.
Түүхээс харахад ямар нэгэн хүчирхэг технологи аль нэгэн улсад бүтээгдсэн тохиолдолд харьцангуй богино хугацаанд өөр улс орнуудад ч бас бүтээгддэг. Үүний нэг жишээ нь зөвлөлтийн үеийн цөмийн зэвсэгийн түүх юм. Эрдэмтэдийн үзэж байгаагаар шинэ зэвсэгийн судалгааг цэрэг болон улс төрийн хүрээнд зохицуулах шаардлагатай ажээ. Зэвсэг нэгэнт бүтээгдсэн тохиолдолд түүнийг хянахад асар хүндрэлтэй учир тодорхой хэмжээгээр хуульчилж, улс орнууд даган мөрдөх шаардлагатай юм.
Эх сурвалж: NHK