Банкны тухай миний бодол...
Эрт урьдын цагт биш орчин цагийн үлгэрийн оронд ийм нэгэн сургууль байжээ. Цор ганц ангийн багш нь Монголбанк. Нэгээс арван хоёрдугаар ангийн 30-аад хүүхэдтэй байсан бол цаг хугацааны эрхээр муу сурлагатай, шалгалтандаа унасныг нь хөөж, шинээр элсэн орох нь орж одоо 12 хүүхэдтэй. Энэ 12 хүүхдээс онцгой нэг хүүхдийн тухай яримаар байна.
Түүний нэрийг Ариг гэдэг. Ариг хүү багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухай бүрт нь хийдэг, сургуульдаа лидер нь биш ч шалгалт шүүлгээ хэний ч нүүрийг улайлгалгүй өгчихдөг муу биш хүүхэд.
Нэг өдөр ангийн багш нь бүх хүүхдүүддээ 8-р ангийн “Математик”-ийн ном авах үүрэг өгчээ. Ариг тэр үед 4-р ангийн хичээл үзэж байсан бөгөөд эцэг эхдээ учирлан хэлтэл “Чи авч өг, би авч өгөхгүй” гэх мэтчилэнгээр хоорондоо хэрэлдээд авч өгсөнгүй. Үүнээс болоод ангийн багш нь Аригийг гадуурхаж эхэллээ. Ганц ном авч чадахгүй арчаагүй, гуйлгачин түүлэгчинээр зандарч эцэс сүүлд нь ангийн буланд сандал өргүүлээд зогсоочих нь тэр. Багш “Хүүхдийг нь шийтгэвэл эцэг эх нь учраа олж түрэгхэн номыг нь авч өгнө” гэж бодсон хэрэг. Хичээл хийх боломжгүй болоод сурлагаараа хоцорч, өргөж буй сандалны хүндэд даруулж эцэс сүүлд нь цөхрөнгөө бараад байна.
Энэ хугацаанд сургуулийн хүүхдүүд нь түүнийг тоосонгүй. Ангийн багшийн үзэл бодлыг өөрчлөхгүй бол хэзээ нэг өдөр яг энэ хүүхэд шиг зогсоно гэдгээ ухаарахгүй байна уу? эсвэл хэзээд ч багшийнхаа хайр халамжинд байна гэдэгт итгэлтэй байгаад байна уу? мэдэхгүй юм.
Энэ сургууль муу сурлагатангуудыг хөөдөг дүрэмтэй. Хамгийн сүүлд нэг хүүхэд шалгалтандаа унаж, улмаар сурлагаа сайжруулж чадахгүй байсаар 2019 оны 04-р сард хөөгдсөн. Одоо ч энэ ангид хоёр муу сурлагатай, шалгалтандаа унасан хүүхэд бий. Ангийн багш нь энэ хоёр хүүхдэд яагаад хатуурхахгүй байгааг хүүхдүүд нь ойлгохгүй хэвээр. Ойлгохыг ч хүсэхгүй байгаа байх. Эмэгнэлтэй зүйл нь хичээл хийх боломжгүй болгоод сандал өргүүлээд зогсоочихсон Ариг хүүд “Сурлагадаа муудвал сургуулиас хөөнө шүү” гэсэн ангийн багшийн сүрдүүлэг хамгийн аймшигтай.
Хүүхдийн хүмүүжил, боловсролыг сайжруулж, дэлхийд өрсөлдөх боловсон хүчинтэй болмоор байгаа бол хүүхдийг өөрчлөх гээд хэрэггүй. Багш сурган хүмүүжүүлэгчдийн заах арга барилыг өөрчилж, үзэл бодлыг нь шинэчлэсний дараа хүүхдээсээ илүү амжилтыг хүлээх хэрэгтэ. Мэдээж эцэг эхийн оролцоо чухал.
Би энэхүү зүйрлэлээр эрдэмтэн мэргэд багш нарийг шүүмжлэх гээгүй. Гэхдээ бидний эцэг эхчүүд энэ аргаар хүмүүжиж байсан. Одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн.
Үлгэрээ сийрүүлбэл Монгол улсад арилжааны банкны салбар үүсэж хөгжөөд гучин жил болж байна. 1990 онд Шинэчлэл (Капитал банкны хуучин нэршил), Хотш, Худалдаа хөгжил, Ардын банк зэрэг томоохон банкууд үүд хаалгаа нээж байсан бол анхдагчдаас үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөхөн.
Ариг банк нь 1997 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Эрэл” нэртэйгээр Банкны зөвшөөрлийн гэрчилгээ гардан авсан түүхтэй. Хорин гурван жилийн хугацаанд банкны салбарт хийж бүтээсэн зүйлс их. Анхны mobile ПОС төхөөрөмж, харилцагчийн нууцлалын I dual систем (иргэний үнэмлэх шаардахгүйгээр харилцагчид үйлчлэх), харилцагч төвтэй ая тухтай банкны салбар гээд дурьдаад байвал бага биш. Хийж бүтээсэнээс гадна эрсдэлгүй, найдвартай үйл ажиллагаа явуулж байгааг 2018 онд Олон улсын валютын сангийн “Активын чанарын үнэлгээ”-ээр тогтоосон.
Сайны хажуугаар саар гэгчээр 2019 оны 06-р сард Ариг банкны зээл, хадгаламжийн үйл ажиллагааг Монголбанкнаас хязгаарласанаар хар бараан өдрүүд хөвөрч байна. Санхүүгийн хувьд хүндрэлд орсон гэж үү? үгүй. Монголбанкны Ерөнхийлөгчийн яриад байдаг “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийг давуулан ханган ажиллаж байсан. Шалтгаан нь “Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөгт хүргэх” асуудал. Хоёр хувь нийлүүлэгч нь маргаантай гэх шалтгаанаар Монголбанкнаас 2020 оны 01-р сарын 24-ний өдөр “Бүрэн эрхт төлөөлөгч” томилсон. Гол үйл ажиллагаагаа хязгаарлуулаад нийт нэг жил дөрвөн сар болж байна. Гэсэн хэдий ч “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийг ханган ажилласан хэвээр. Банк нэгч харилцагчийн мөнгөн хөрөнгийг саатуулаагүй. Харин айж түгшсэн харилцагчид хадгаламжийн хугацаагаа цуцлан авсанаар хэдэн зуун сая төгрөгийн хүүгээ алдсан.
Хамгийн гол нь хоёр хувьцаа эзэмшигчийн маргааныг банкны хэвийн үйл ажиллагаатай хольж хутгаад байгаа Монголбанкны үйлдлийг зүгээр хараад суумааргүй санагдаад бичиж байна. Монгол улсын банкны салбарт дэлхийд гарч байгаагүй кейс тохиолдоод байгааг бичиж байна. Монголбанк хэзээ хуучимсаг арга барилаасаа салж, арилжааны банкууд хэзээ зөв шударга өрсөлдөж, хөгжил цэцэглэлтийн дараагийн шатандаа гарч эхлэх вэ?
Written by #Банкны_Баянаа