Тэнгэр дэх хамгийн, том хамгийн тод од - Тарантула
Дээрх зурган дээрх сүртэй аврага том мананцар дотор хэдэн сая одод бий бөгөөд тэдгээрийн нийлбэр гэрэл нь ийнхүү уг мананцарыг үзэсгэлэнтэйгээр гэрэлтүүлж буй. Хамгийн сонирхолтой нь энэ мананцар дотор орших ганцхан од нийт гэрэлийн бараг 10%-ийг дангаар тэр олон одод дундаас гаргадаг гэвэл итгэх үү? Сүүн замын хамгийн том дагуул галактик болох Магеланы их үүл дотор 1000 гэрлийн жилийн зайг эзлэн орших уг мананцарыг Тарантула (мөн 30 Doradus гэнэ) гэж нэрлэх бөгөөд, түүний төвд нь дөнгөж үүсээд удаагүй залуу аврага оддын бөөгнөрөл бий. 2010 онд хийгдсэн судалгаагаар тэр оддын бөөгнөрөлийн төвд нь асар том үнэхээрийн аврага од оршдог гэдгийг илрүүлсэн ба тус од нь бидний мэддэг хамгийн том мөн хамгийн тод од юм.
Манай нарны аймгийн гаригууд нарыг тойрон эргэдэг шиг манай сүүн зам галактикийг олон тооны жижиг бие даасан галактикууд тойрон эргэнэ. Тэдгээрийн хамгийн том хоёрыг нь Магелланы Том Үүл болон Магелланы Бага Үүл хэмээн алдарт Португалийн далайн аялагч Фердинанд Магелланы нэрээр нэрлэж заншсан байдаг. Европын түүхийн зарим эх сурвалжид Магелланы 1519-1522 оны дэлхийг тойрсон аяллын үеэр түүний хөлгийн багийнхан эдгээр биетүүдийг тэнгэрт анх ажигласаж тэмдэглэсэн гэх боловч Арабийн эрдэмтэд Магелланаас бүүр 500 гаруй жилийн өмнө ажиглаж байсныг гэрчилэх тодорхой түүхийн баримтууд бас бий.
Эдгээр дагуул галактикууд нь харанхуй шөнийн тэнгэрт энгийн нүдэнд том бүдэг саарал үүлс мэт харагддаг учираас тэдгээрийг тусдаа галактикууд гэдгийг эртний хүмүүс мэдэхгүй “тэнгэрийн үүлс" гэж нэрлэж байсан нь тэр. Асар хол зайд орших олон тооны одод нь үүл мэт харагдаж байгааг 18-р зууны эхээр мэдэж авсан бөгөөд харин сүүн замын дагуул бие даасан галактик гэдгийг нь сүүлд 20-р зууны эхээр америкийн одоноронч Эдвин Хаббл нээсэн байдаг.
Магелланы үүлс нь хичнээн хэмжээгээрээ манай сүүн замаас хамаагүй жижиг ч гэлээ, бие даасан залуу галактикууд учираас яг манай сүүн зам дотор байдаг шиг олоня янзын оддын өлгий болсон мананцаруудаар нэн баялаг. Биднээс ойролцоогоор 170,000 гэрлийн жилийн зайд орших Магелланы Их Үүл доторх хамгийн алдартай мөн хамгийн том мананцар нь диаметрээрээ бараг 1000 гэрлийн жилийн зайг эзэлдэг аврага Тарантула мананцар юм.
2010 онд Английн судлаачид энэ оддын бөөгнөрөлийг шинэ арга барилаар судлаад дотор нь олон тооны үнэхээрийн аврага одод байгааг илрүүлсэн юм. Бидний өнөөгийн онолын ойлголтоор манай нарнаас 150 дахин их масстай од өнөөгийн ертөнцөд үүсэх боломж тун хомс боловч уг судалгаагаар энэ хязгаарыг хол давсан хэмжээтэй оддыг хэд хэдээр нь илрүүлээд байна. Ялангуяа бөөгнөрлийн төв хэсэгт орших R136a1 гэж нэрлэгдэх асар их масстай аврага од нь массаараа манай нарнаас ойролцоогоор 260 дахин их ба гадрагын температур нь 50,000 кельвин давна (манай нарны гадрага ердөө л 6,000 кельвин). Энэ маш халуун аврага од нь манай нарнаас гэрэлтэлтээрээ бараг 8 сая гаруй дахин тод, тиймээс л 1000 гэрлийн жилийн зайг хамарсан аврага том мананцарын гэрэлтүүлгийн 10%-ийг гаргаж чадаж байгаа нь тэр.
Бүр сүүлд хийгдсэн нэгэн судалгаа нь тус одыг анх үүсэхдээ манай нарнаас бүр 350 гаруй дахин их масстай байсан гэж үзэж байгаа бөгөөд, ийм аврага одод нь маш тогтворгүй байдаг учир сүүлийн сая жилийн хугацаанд их хэмжээний массаа эргээд сансарт алдсан гэж дүгнээд байгаа.
Эх сурвалж: Science Daily