Тэд дараагийн алуурчныг бэлтгэх ёсгүй...
Хүүхдээ хэдэн цаг саваагаар зодсоор байгаад алчихаж байна. Нохойн гөлгийг ч зодсоор байгаад алдаг хүн ховор доо. Энэ бол гараас гар, гэрээс гэр, удмаас удам, үрээс үрд дамжин өвлөгдөж буй харгислал.
Алуулахаас наагуур зодуулж өссөн хүн зоддог аав болж, өтлөхийн цагтаа үрдээ занчуулсан өвгөн болж байна. Осгож үхэхээс наагуур гэрээсээ хөөгдөж, гадаа шөнийг өнгөрөөж явсан хүүхэд хожим өөрийнхөө үр хүүхдэд бас тэгж л хатуурхаж байна. Хүчирхийлэл, зодуур нэг айлаас нэг бус айлд өвлөгдөн түгж, нэг эцгээс нэг бус өрхийн хойморт өртөөлөн тархаж, нэг эхээс нэг бус гэр бүлийн гал тогоонд цэцэглэж байна. Хүүхэд аав ээжийнхээ гарын хөдөлгөөн, харцны өнцөг, хэлдэг хараал, хэгжүүрхдэг араншин, архиддаг авир, агсардаг харгислал...бүгдийг даган дуурайж, давтан хуулж өсдөг.
Одоо энэ харгислалыг эргүй амьдарч чаддаггүй хормойн дон, эхтэй нь суучихаад үрд нь хатуурхдаг хорхойн донгоор тайлбарламааргүй байна. Эвдэрхий хүмүүсийг олноор үйлдвэрлэж, олноор бүтээх тусам нийгэм эвдэрнэ, улс орон эвдэрнэ. Эвдэрсэн тоглоомыг хог дээр хаяж, гал руу хийчихэж болно.
Харин бидний үйлдвэрлэсээр буй эвдэрхий хүмүүс өрх гэрт чинь шургаж, өөрийн чинь охид хөвгүүд, ач зээг эвдэж тоглох болно. Энэ бол цаазаар аваад, шоронд хатааснаар урт хугацаандаа шийддэг асуудал биш. Өрх бүлийн төлөвшил, гэр бүлийн хүмүүжил, бэлгийн боловсрол, тархи, зүрхний сэхээрлээр урт хугацаандаа ухаантай бодлогоор зөөллөхөөс өөр аргагүй уналт. Уртаас урт, гүнзгийгээс гүнзгий нүхэнд ойччихоод хашгирч буй ёс зүй юм.
Өвөртөө араатан тээж, өрх гэртээ амьтан өсгөж, хүний үртэй аймшигт алуурчин суулгаж гэр бүл үүсгэн тоглодог энэ мэтийн архирдаг аав ээж нарын ачаар цаашдаа эл эмгэнэлт байдал бүр хавтгайрна, бүс малгай хоёрын байр солигдоно. Зодуурыг тэвчдэг, зодуурыг хүлцдэг охин үр бас л зодуулж өссөн, харгислал дунд төлөвшсөн байх нь элбэг. Дөнгөж төрчихөөд дахиад хүнтэй сууж, хүүхдийнхээ амь насыг араатанд тушааж буй ээж бас л гэр бүлийн төлөвшил, төлөвлөлтгүй айлын үр сад байж таарна. Ийм л байдаг гэж ойлгож өссөн ой ухааныг яалтай.
Ингэж зодох ёстой, зодуулах ёстой гэж ойлгодог ухаан санааг яалтай. Тиймээс ирээдүйн иргэдээ араатан болгохгүйн тулд үр хүүхдээ хүчирхийлэл, харгислал, мунхрал, ядуурал дунд өсгөж буй аав ээжүүдийн эцэг эх байх эрхийг хасч, бяцхан иргэдээ төр авдаг баймаар байна. Төрүүлээгүй ч гэсэн төрийн ёс зүйн дор өсгөмөөр байна. Хойд аавдаа хэдэн цаг зодуулж амиа алдсан тэр жаалхан хөвгүүн энэ хүмүүсийн хувьд архины мөнгөний л үнэтэй, ардын төрөөс хүүхдэд өгдөг 20 цаасны л үнэтэй байв. Гашуун үнэн энэ юм, газар авахаас нь өмнө төр бодит бодлого хэрэгжүүлнэ үү. Араатнуудын эринг үргэлжлүүлэхгүйн тулд араатнуудаас ирээдүйн иргэдээ авъя, төрөөс Хүүхэд өсгөн халамжлах төв олноор байгуулъя, өөр шийдэл алга.
Зодох хүүхэдгүй болохын цагтаа золбин араатнууд хашаагаа хэмхэлж, гэрээ буулгаж, хаяандаа уясан нохойгоо балбаад сууж байг. Гагцхүү тэдний энэ харгислал тэднээр л дуусах ёстой. Тэд дараагийн алуурчнийг бэлтгэх ёсгүй!
Р.Эмүжин