Хүүхдийн тархи хэрхэн суралцдаг вэ?
Хүүхдийн сэтгэлзүйч Профессор Гералд Хүетер хувийн блогтоо ийн бичжээ:
Нялх, бага насандаа хүүхэд цаашдынхаа амьдралд шаардлагатай бүхий л тоног хэрэгслийг цуглуулдаг. Барилга барихад бөх бат чанар нь түүний суурь хэрхэн тавигдсанаас бүрэн шийдвэрлэдэгтэй адил. Хүүхэд бие даасан хувь хүн болоход түүний тодорхой чадварууд хөгжих шаардлагатай. Үүнд юуны түрүүнд итгэл мөн бусдад туслах эрмэлзэл багтана. Энэхүү энгийн суурь дэвсгэр тавигдахад эцэг эхчүүд хүүхдэдээ дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. Хүүхэд бүр хорвоо ертөнцтэй өөрөө танилцаж “нээх”, оролдож үзэх гэсэн итгэхийн аргагүй их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Бага наснаас өөр хэзээ ч амьдралтай танилцах гэсэн ийм сониуч зан хүнд тохиодоггүй. Бага насныхны хамгийн үнэт зүйл бол тэдний хэмжээлшгүй их нээлттэй байдал бөгөөд түүнийг нь бид зориудаар мэдэрч, хамгаалах ёстой.
Өнөөг хүртэл хүүхдэд тодорхой мэдлэгүүдийг олгох оролдлого түгээмэл байсан. Гэвч орчин үеийн тархины судалгаа энэ талаар илүүг хэлж байна: Гаднаас хүүхдийн тархи руу элдэв зүйлс хийснээр сургалтын процесс явагдахгүй, хувь хүний үндсэн авьяас чадвар болох сэдэл, өөрийн хяналт, бусдыг ойлгох чанар бол хичээлээр олгогдохгүй. Иймд эцэг эх мөн цэцэрлэгийн багш нар хүүхдэд өөрөө суралцах, өөрөө оролдож хийх тийм л орон зайг олгох шаардлагатай. Өөрөө өөртөө нөлөөлөх ийм үзэл баримтлалын хэрэгжилт маш чухал. Харамсалтай нь бид хүүхдэд бүгдийг бэлэн зэлнээр халбагадаж өгөх тал руу хэлбийгээд байдаг. Жишээлбэл, хүү гадаа тоглож байгаад нэгэн цох хорхой олоод аавдаа бөөн баяр хөөр болон үзүүлнэ. Аав нь хүүдээ цохны тухай өөрийнхөө мэддэг бүхнээ дэлгэж “пээдийнэ”. Ингэснээрээ үр удмынхаа сониуч зан, догдолж буй сэтгэлийг унтрааж байна гэсэн үг. Харин аав өөрийнхөө мэдлэгийг ил гаргалгүй биеэ барьж, амбицтай жижигхэн судлаачийг номын тавиур руу явуулбал энэ нь түүнд жинхэнэ “хүчит тэжээл” болно. Өөрийнхөө жижиг ертөнцийг бүтээхэд-өдөр бүр шинийг нээхэд эцэг эх хүүхдээ зоригжуулах, урам өгөх, тухайн зүйлд нь сэтгэл хөдлөлтэйгээр хандах үүрэгтэй.
Өнөөг хүртэл бидний мэдэж байснаас хүүхдийн тархи бол хавьгүй их хэлбэршүүлж болдог зүйл. Тэдний тархинд янз бүрээр холбогдон мэдрэлийн эсүүдийн зангилаа үүсгэж болох олон тооны илүүдэл эс байдаг. Хүүхэд өөрөө оролдож, туршиж байх явцад энэхүү илүүдэл ханган нийлүүлэлт идэвхтэй ашиглагдан дурын холбоосууд үүсэн бий болж байдаг.
Сүүлийн үеийн тархины судалгаагаар зургаан нас хүртэлх хүүхдийн мэдрэлийн эсийн холбооны тоо хожим амьдралынх нь туршид хэдийд ч байхгүй тийм олон байдаг нь тогтоогдсон. Тэрхүү бүх холбоо нь төдөлгүй суларч ашиглагдахгүй болдог. Өөрийн оролдлого-үйл бол мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдоход зүйрлэшгүй их нөлөө үзүүлдэг. Тийм учраас хүүхэд нялх, багадаа болж л өгвөл маш олон янзын мэдрэмжүүдийг авч байх шаардлагатай. Үүнд аавтайгаа хөгжилтэйгээр хөөцөлдөх, өөрөө анх удаа алимны нухаш чанах, авирч байгаад модноос унах ч хамрагдана. Энэ бүх үйл явдал тархинд зөвхөн хадгалагдан үлдээд зогсохгүй, хоорондоо холбогдож байдаг. Энэ явцад дуртай, сэтгэл догдлон хийсэн, сурсан зүйлс нь дургүй, цээжээр тогтоосон зүйлсээс хавьгүй илүүтэйгээр үлдэн хоцорч, тархинд бэхлэгдэнэ. Суралцахуй, чин сэтгэл хоёр хоорондоо нягт холбоотой.
Эх сурвалж: Kinder Lobby