Зүрхний өвчнөөр шаналж буй сая сая хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлж чадах шинэ төрлийн гар утас Англи улсад бүтээгдсэн байна. Heart Suite хэмээх программ хамгамж (application)-ийг агуулах даралтат дэлгэц бүхий энэ гар утсаар зүрхний бичлэг (Electrocardiograms) хийж, үр дүнг илгээх боломжтой ажээ. Хэрэглэгчид зүрхний бичлэг хийхийн тулд уг гар утасны дэлгэц дээр хоёр хуруугаараа 30 секунд хугацаагаар дарахад л хангалттай юм. Мөн бичлэгийг цусны даралт, глюкоз болон холестролын хэмжээ зэрэг бусад мэдээллүүдтэй хамт эмч болон эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг хүмүүст илгээх боломжтой ажээ.
Энэ арга нь зүрхний өвчлөл бүхий хүмүүст өөрсдийн эрүүл мэндийн байдлыг нүсэр тоног төхөөрөмжгүйгээр, өдөр тутам, хялбархан хянах боломж олгож байна. Мөн эмч нар гэрээр үзлэг, оношлогоо хийх үед өвчтөнүүдийн шинжилгээ авах зорилгоор ашиглах боломжтой ажээ. Medical Marketing UK компаний бүтээсэн H'andy Sana хэмээх энэ гар утсыг энэ оны эцсээс 710 орчим долларын үнэтэйгээр худалдаалж эхлэх гэж байна.
Дашрамд хэлэхэд зүрх судасны өвчлөл гамшгийн хэмжээнд хүрээд байгаа манай улсад өвчтөнүүдийн эрүүл мэндийн байдлыг хянах ийм төрлийн арга хэрэгсэл нэн яаралтай бөгөөд чухал шаардлагатай байгаа юм. Өвчлөлийн байдлаа цаг алдалгүйгээр хянаж чадаагүйгээс цус харвалт, цаашид үхэлд хүргэсэн тохиолдлуудтай блог эрхлэгч миний бие нэг бус удаа тааралдаж байсан юм. Тухайлбал цусны даралт нь харвалт өгөх хэмжээнд хүртэл нэмэгдсэн байсан нь ажиллагсадын эрүүл мэднийн үзлэгийн үед илэрч, газар дээр нь түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэгдэж байсан тохиолдол байдаг.
Хэрэв тухайн хүн тухайн үед эрүүл мэндийн үзлэгээр ороогүй бол биеийн байдал хэрхэн өөрчлөгдөж ямархуу сөрөг үр дүнд хүрэх байсныг төсөөлөх аргагүй юм. Мөн цусны даралт, түүнээс шалтгаалан биед илрэх зовиур шаналалаа мэдэрч байсан ч хянах, илрүүлэх боломж хязгаарлагдмал байдгаас гэнэтийн үхэлд хүрсэн тохиолдлууд цөөнгүй байдаг. Энэ бүхнээс манай эрүүл мэндийн болон бизнесийн байгууллагын хүмүүс нэгийг бодож дүгнэлт хийх цаг болсоныг сануулж байна.
Эх сурвалж: Mail Online