Хүүхдийнхээ зурсан зургийг нэг ажиглаад үзээрэй, түүний талаар ихийг хэлж өгнө...
1. Ээлж дарааллыг нь хараарай.
Хүүхэд хэнийг эхэлж зурж байгаагаараа гэр бүлийнхээ гишүүнд ханддаг хандлагаа илэрхийлдэг. Хүүхэд аав ээжийнхээ дунд байгаагаар зурах нь хайр халамжинд байгааг илэрхийлдэг.
2. Хэн нэгнийг зурахаа мартсан бол
Хэрвээ зурагт гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь байхгүй бол хүүхдээсээ түүнийг яагаад мартсаныг асуугаарай. Хүн дутуу бол тийм ч таатай дүр зураг биш гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүнд сайнгүй ханддаг байж болно.
3. Өөрийгөө томоос том зурвал
Хүүхэд зурж байгаа хүнээ хэдий чинээ томоор зурна, төдий чинээ тухайн хүн өөрт дүүнь чухал болохыг илэрхийлдэг байна. Гадуурхагдсан хүүхэд өөрийгөө жижигхэнээр, харин хайранд умбасан хүүхэд өөрийгөө томоос том зурах нь элбэг.
4. Гэр бүлийн гишүүдийн хоорондын зайг анзаараарай
Хэрвээ тухайн айл гэрт амар амгалан оршдог бол хүүхэд гэр бүлийнхээ гишүүдийг бараг наалдуулах шахам зурдаг байна. Эцэг эхийнхээ хэн нэгэнтэй нь хэр ойртуулж зурна төдий чинээ энэ хүнд дотно байдаг гэдгийг харуулдаг. Харин тухайн хүмүүсийн хооронд зурсан ямар нэг эд зүйл гэр бүлийн гишүүдийн хооронд саад тотгор болж байгааг илэрхийлдэг байна.
5. Өнгөөр зан ааш илэрхийлдэг
Өөрт таатай, хайртай зүйлээ хүүхэд дулаан өнгөөр илэрхийлдэг. Өөрт илүү дотно хүнийг тод өнгөөр буддаг аж. Хэрвээ хүүхэд хэн нэгнийх нь цамцыг хөх өнгөөр будсан бол энэ хүнтэй амар тайван харилцаатайг илэрхийлдэг. Хэрвээ ногоон өнгөөр будвал энэ хүнийг хүүхэд хүндэлдэг, чухал хүн болохыг харуулдаг байна. Аливаад сэтгэл хөдлөлөөр ханддаг түргэн зантай хүнийг шар өнгөөр, улаан өнгөөр түрэмгий зантайг, харин хар өнгөөр гэр бүлийн аль нэг гишүүний таагүй зан авирыг илэрхийлэх магадлалтай.
6. Өөрийнхөө царайг хичээнгүйлэн зурсан бол
Гэр бүлийнхнийхээ нүүр царайг ихэд хичээнгүйлэн зурсан бол хүүхэд хайранд умбаж буйг илэрхийлдэг. Харин бяцхан зураач өөрийнхөө нүүр царайг илүүтэй тодотгон зурсан бол өөртөө их хайртай, анхаардаг болохыг баталдаг байна.
Хэрвээ хүүхэд аав ээжийнхээ хэн нэгний амыг хэтэрхий томоор зурсан бол энэ хүн хүүхдийг байнга шүүмжилдэг байж болох юм.
Хэрвээ амгүй, эсвэл хэт жижиг амтайгаар зурсан бол тухайн хүн сэтгэл хөдлөлөө нуудаг байж болох юм. Харин амыг нь шүдтэйгээр зурсан бол тухайн хүн түрэмгий зантай байж болно.
Гэр бүлийн гишүүдийнхээ нэгийг том нүдтэйгээр зурсан тэр хүнээс айдаг болохыг, жижигхэн нүд ямар нэг зүйл нуудаг болохыг илэрхийлнэ. Хэрвээ урт гартайгаар, эсвэл бүр гаргүйгээр зурвал энэ хүн хүүхдэд сэтгэлзүйн дарамт өгдөг байж болно. Богино гартай бол сул дорой байдлыг илэрхийлнэ. Хэрвээ хүүхэд өөрийгөө гараа өргөж байгаагаар зурсан бол түүнд анхаарал дутаж байгааг харуулж магад юм.
Та хүүхдийнхээ зургийг тийм ч сайн ойлгохгүй байвал цаасны нөгөө талд нь “Миний хүсэж буй гэр бүл” гэсэн сэдвээр дахин зуруулаарай. Мөрөөдлийн гэр бүлийг нь зуруулснаар та ойр дотнын хүндээ юу өгч чадахгүй байгаагаа олж харах болно...