Европын Холбооны төсвийн алдагдал 10 дахин нэмэгдсэн байна
Цар тахлын улмаас үүссэн хямралтай тэмцэх шуурхай арга хэмжээ авснаас болж еврогийн бүсийн 19 улсын төсвийн нийт алдагдал энэ онд өмнөх оныхтой харьцуулахад 10 дахин нэмэгдэж, 976 тэрбум евро буюу ДНБ-ийх нь 8.9 хувьд хүрнэ гэж Европын комиссын цахим хуудсанд мэдээллээ.
Төвбанкнаас нь мэдээлснээр, тус бүсийн алдагдлын өмнөх оргил үе 2010 оны эхээр болсон. Тэр үед хөрөнгө оруулагчдын болгоомжлолоос үүдэлтэй хямралын улмаас эл үзүүлэлт ДНБ-ийх нь 6.6 хувьд хүрч өсөн, еврогийн бүсийн санхүүгийн байдлыг улам муутгажээ.
Өнөөгийн нөхцөлд Засгийн газруудад эдийн засгаа дэмжих, урт хугацаанд учрах хохирлыг багасгахын тулд шаардлагатай хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүй” гэж “UniCredit” компанийн тэргүүлэх эдийн засагчдын нэг Марко Валли тэмдэглэсэн байна.
Цар тахлаас үүдэлтэй еврогийн бүсийн эдийн засгийн уналт нь валют ашиглахтай холбоотой Засгийн газар хоорондын хэлэлцээрт аюул учруулж байна гэж Европын эдийн засгийн асуудал эрхэлсэн комиссар Паоло Жентилони урьд нь мэдэгдсэн юм. Хямрал таамаглаж байснаас улам гүнзгийрч, еврогийн бүсийн орнуудын эдийн засгийн хөгжлийн ялгаа улам их болж байгааг тэрбээр дурджээ.
Үүний хажуугаар цар тахалтай холбоотой гэнэтийн зардалд зориулж 2020 оны төсвийн зардлыг 6.2 тэрбум еврогоор нэмэгдүүлэх Европын холбооны шийдвэрийг Европын парламент дэмжжээ.
“Хямралыг даван туулахын тулд 6.2 тэрбум еврог нэмж олгохыг Европын парламентын депутатууд баталлаа. Европын холбооны 2020 оны төсвийг ийм дүнгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа” хэмээн Европын парламентын тогтоолд дурджээ.
Энэ мөнгөнөөс 1.09 тэрбум евро нь Европын холбооны түвшинд коронавирусний вакцин урьдчилан захиалахад зарцуулагдана. Үлдсэн 5.11 тэрбум еврог ЕХ-ны улсуудын зардлын тодорхой хэсгийг нөхөхөд зарцуулах аж.
Вакцин урьдчилан захиалахын тулд Европын комисс Өрнөдийн 6 эмийн компанитай хэдийнээ яриа хэлэлцээ хийжээ. Европын холбооны гол нийлүүлэгч нь Их Британи, Шведийн “AstraZeneca” компани байх юм.
Эх сурвалж: BBC