Бид холограм тусгал төдий зүйл үү?
Таны уншиж байгаа энэ мэдээлэл, яг одоо ашиглаж байгаа компьютерээс авахуулаад энэ орчлон бүхэлдээ ердөө л голограмын тусгал гэвэл та итгэх үү. Энэ бол онолын физикч Хуан Малдесенагийн 1997 онд бүтээсэн маргаантай онол юм. Өнөөдрийг хүртэл энэ хачин жигтэй онол бодит байдалд батлагдаагүй боловч математик загвар толгой эргүүлсэн энэхүү онолыг үнэн байж болно гэж үзэхэд хүргэж байна. Уг онолоор орчлонгийн таталцал нь чичирхийлэх нарийхан утаснаас ирдэг. Утас нь энгийн хавтгай орчлонд болж буй үйл явдлын голограм тусгал байна. Мөн орчлон ертөнц орон зайн 8, цаг хугацааны 1 хэмжээстэй гэж үздэг.
Тэгвэл японы эрдэмтэд голограм орчлонгийн онол үнэн эсэхийг математик загвар ашиглан шалгахыг оролдсон тухай өгүүлэл Начур сэтгүүлд нийтлэгдсэн байна. Голограмын онол нь гурван хэмжээст огторгуйг тайлбарлахад хэрэглэгдэх бүхий л мэдээлэл буюу бидний оршин буй орчлон ертөнцийг кредит картны хамгаалалтын чип мэт хоёр хэмжээст гадаргууд хадгалагддаг гэж үзжээ. Мэдээлэл нь хүн, сүүлт од зэрэг хавтгайд нуугдсан сансарын биетийн тодорхойлолтыг агуулдаг.
Тухайлбал бүхнийг сорогч хар нүх нь бүхэлдээ гадаргын хэлбэлзэлд агуулагдана. Энэ нь тухайн объект бодит ертөнцөд оршин байхаас илүүтэйгээр бүхэлдээ санах ой, эсвэл мэдээллийн хэсэг хэлбэрээр хадгалагдана гэсэн үг. Илүү өргөн утгаар авч үзвэл бүхий л орчлон, сансарын хавтгай дахь хоёр хэмжээст бүтэц хэлбэрээр харагдах боломжтой. Энгийнээр хэлвэл бид өөр нэгэн 2D ертөнцийн 3D тусгалд амьдарч байгаа хэрэг болно. Японы Ибараки их сургуулийн професор Ёшифүми Хякүтакэ хар нүхний дотоод энергийн хэмжээг тооцоолж, энэхүү голограф онолын математик баталгааг олсон байна.
Тэрээр онцгой хар нүхний хил хязгаар болон хийсвэр бөөмийн нөлөөллийг судлажээ. Мөн таталцалгүй хавтгай орчлонд агуулагдах энергийн хэмжээг тооцоолсон байна. Хачирхалтай нь компьютер загварчлалаар онолын орчлон болон хар нүхний хил хязгаарын тооцоо таарч, орчлонгийн хоёрдмол шинж чанарын баталгаа болж байна. Харин профессор Малдесена "тусгаар мэт санагдах 2 бүсийн энэхүү тоон баталгаанд үндэслэн шинэ онолын хүрээнд бидний оршин байгаа орчлонгийн таталцлын шинж чанар хэзээ нэгэн цагт квант механикаар батлагдах найдлага төрүүлж байна" гэжээ.
Эх сурвалж: Mail Online