Эрдэмтэд хар нүх од залгиж байгаа зургийг авч чаджээ
Огторгуйн хар нүхэнд ойртон очсон од хэрхэн залгигдан, гоймон лугаа адил болж дэлбэрч байгаа анхны гэрэл зургийг одон орон судлаачид авч чаджээ. Энэ тухай шинжлэх ухааны “Monthly Notices of the Royal Astronomical Society” сэтгүүлд нийтлэгдсэн байна. "Бид урьд нь зөвхөн уран зөгнөлд л огторгуйн хар нүхнүүд одыг “залгидаг” гэж боддог байсан.
Гэтэл ийм зүйл бодитоор болж байна. Бид анх удаа огторгуйн асар том хар нүх хэмжээгээрээ Нар шиг одыг залгихаасаа өмнө олон нарийхан тууз болгон задалж байгааг харлаа” гэж Бирмингемийн Их сургуулийн дэд профессор (Их Британи) Мэтт Николл нийтлэлд бичжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар Орчлон ертөнцийн бүх галактикийн дунд нэг эсвэл бүр хэд хэдэн том хар нүх оршдог аж. Тухайлбал Дэлхийгээс 26 мянган гэрлийн зайд байрладаг Сүүн зам галактикийн дунд Sgr A* нэртэй хар нүх байдаг.
Тэрхүү нүх Нарнаас 4 сая дахин хүнд жинтэй гэж эрдэмтэн үздэг аж. Sgr A* болон бусад ижил төстэй объектуудыг ажигласнаар тэднийг хүрээлэн буй одод үе үе нүх рүү ойртдогийг олж харжээ. Хэт ойртсон зарим нь хар нүхний таталцлын нөлөөнд хэдэн хэсэг болон дэлбэрсний улмаас гэрлийн болон цахилгаан соронзон долгионы хүчтэй тэсрэлт болдог гэж эрдэмтэд таамагласан байна. Одон орон судлаачид ийм үзэгдлийг олон жилийн турш ажигласаар иржээ. Дэлбэрэлтийн дараа бий болдог тоосон үүл цаашид болж байгаа үйл явдлыг ажиглахад саад болдог байжээ.
Бирмингемийн Их сургуулийн эрдэмтэд энэхүү үйл явцын (“гоймон лугаа болох” гэж одон орон судлаачид нэрлэдэг) эхний үе шатыг хамгийн анх судалжээ. Энэ үйл явцын үеэр од хар нүхний таталцлын нөлөөгөөр дэлбэрэхдээ маш халуун плазман (хэсэгчлэн эсвэл бүрэн ионжуулсан хий) тууз болон хувирдаг аж. Эрдэмтэд дэлхийгээс 215 сая гэрлийн зайд орших Эриданус эрхэсийн AT2019qiz одны “гоймон лугаа болох” үйл явцыг ажиглаж чадсан байна.
Тэд Нарны хэмжээтэй эл одыг хар нүхний таталцлын нөлөөнд автан дэлбэрэхээс нь өмнө ажиглаж байжээ. Ажиглалтаар хар нүх одны зарим хэсгийг “залгиж” заримыг нь нарийхан туузан хэлбэртэй болгон цацаж байжээ. Ингэхдээ хар нүх одыг бүхэлд нь биш зөвхөн гаднах бүрхүүлийг нь хуулж “залгиж” байв. Харин одны цөм болон бусад үлдэгдлүүд хэрхсэнийг эрдэмтэд тодруулж чадаагүй байна. Үүнийг судлахын тулд эрдэмтдэд илүү хүчтэй төхөөрөмж хэрэгтэй гэнэ.
Эх сурвалж: BBC