Харгис террорист халдлагын золиос болсон багшийн дурсгалыг хүндэтгэх жагсаал Парист болжээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Парисын захын дүүргийн дунд сургуулийн багш Самуэл Пати хичээлийнхээ үеэр Исламын шашны зөнч Мухаммедийн дүрийг үзүүлснээсээ болж хэрцгий террорист халдлагын золиос болон амиа алдсан юм. Тодруулбал тэрбээр үг хэлэх эрх чөлөөний жишээ болгож "Charlie Hebdo" сэтгүүл дээр гарсан Мухаммедийн зургийг сурагчдад үзүүлснийх нь дараа исламын хэт үзэлтэн, 18 настай этгээд гудамжинд түүний толгойг тасдан зэрлэгээр хөнөөсөн байна.
Тэгвэл өчигдөр буюу Ням гарагт, Парис хотын "Place de La Republique" талбай дээр мянга мянган хүн цуглаж, амиа алдсан багшийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ үг хэлэх эрх чөлөө, багш нарын эрхийг дэмжсэн тайван жагсаал хийжээ.
Жагсаалд Францын ерөнхий сайд Жан Касте болон боловсролын сайд Жан Мишель Бланке нар оролцсон байна.
Сэжигтэн нь Москвад төрсөн 18 настай чечень үндэстэн байсан бөгөөд гуравдугаар сард Францад дүрвэж ирснийхээ дараа 10 жил оршин суух эрх аваад байжээ. Францын мөрдөн байцаагчдын тогтоосноор сэжигтэн аллага үйлдсэнийхээ дараа твиттер хуудсанд хохирогчийн тасарсан толгойны зургийг нийтэлж, “Мухаммедыг доромжилж зүрхэлсэн Макроны нохдын нэгийг би цаазаллаа” хэмээн бичжээ.
Сэжигтэн баривчлах ажиллагааны үеэр цагдаа нарт буудуулан алагдсан юм. Одоогоор хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа тул түүний нэрийг зарлах боломжгүйг Францын терроризмтай тэмцэх газрын прокурор Жан Франсуа Рикард мэдэгдсэн байна.
Одоогоор сэжигтний эцэг эх, өвөг эцэг, 17 настай дүү зэрэг нийт есөн хүнийг баривчлаад байгаа гэнэ. Сэжигтний эцэг нэгтэй эгч 2014 онд Исламын Улс зэвсэгт бүлэглэлд элсэхээр Сири руу явж байсныг бас тогтоосон байна.
2015 онд "Charlie Hebdo" сэтгүүлийн газар зөнч Мухаммедын шог зургийг нийтэлснийхээ дараа халдлагад өртөж, 12 хүн амь үрэгдэж байв. Өнгөрсөн сард Пакистанаас цагаачилж ирсэн нэг залуу заазуураар зэвсэглэн "Charlie Hebdo" сэтгүүлийн редакцийн байрны гадна хоёр хүний биед халдаад баривчлагдаж байжээ.