Хятадын Гадаад хэргийн сайд Энэтхэг Номхон далайн 4 улсын гэрээг шүүмжиллээ
Япон, Энэтхэг, Австрали, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзаж, Энэтхэг Номхон далайн стратеги гэрээ баталсныг “Бүс нутагт аюулгүй байдал, цэргийн асуудлаарх НАТО-тай төстэй байгууллага байгуулахыг зорьж байна” гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И шүүмжилсэн байна.
Тэрбээр мягмар гарагт Малайзад айлчилж, Куала Лумпур хотод тус улсын Гадаад хэргийн сайд Хишаммуддин Хуссейнтай хэвлэлийн хурал хийх үеэрээ ингэж мэдэгджээ. Ван И дөрвөн улсын байгуулсан гэрээг “Хүйтэн дайны сэтгэлгээ, Америкийн талын давамгайллыг хадгалах гэсэн алхам. Энэ нь Зүүн Азийн энхийн болон хөгжлийн төлөвийг үгүй хийнэ” гэж тэмдэглэсэн байна.
Өнгөрөгч 7 хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Токиод айлчилж, Япон, Энэтхэг, Австралийн Гадаад хэргийн сайд нартай 4 талт уулзалт хийн, гэрээ байгуулаад байна. Энэ гэрээг чөлөөт нээлттэй Энэтхэг Номхон далайн бүс байгуулахад чиглэсэн стратеги гэж тайлбарлаж байгаа юм.
Харин Хятадын гадаад хэргийн сайд Ван И-г Малайзад айлчлах үеэр “Өмнөд Хятадын тэнгис өрсөлдөөний үндэс болох ёсгүй” хэмээн талууд тохиролцсоныг Бээжин мэдэгдэж байна.
Нөгөө талд Ван И-гийн Зүүн өмнөд Азийн улсуудад хийж байгаа айлчлал “Хятадын Засгийн газар бүс нутагт Америкийн талын нөлөөг хязгаарлах гэсэн чармайж байна” гэж зарим хэвлэлд бичсэн байна. Малайзаас өмнө Камбожид айлчилсан Хятадын Гадаад хэргийн сайд үргэлжлүүлэн Лаос, Тайландыг зорьж, Сингапурыг дамжин богино хэмжээний айлчлал хийнэ.
Эх сурвалж: BBC