Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шийдвэрийг “Боинг” корпораци эрс шүүмжиллээ
АНУ-аас жилд 4 тэрбум ам.долларын өртөгтэй бараа импортлоход торгуулийн татвар ногдуулах зөвшөөрлийг Дэлхийн худалдааны байгууллагаас Европын холбоонд олголоо. Энэ арга хэмжээ нь АНУ-ын засаг захиргаанаас Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг” компанид хууль бус тэтгэмж олгосон “сөрөг үр дагавар”-т тохирно гэж Дэлхийн худалдааны байгууллагынхан үзжээ.
“Боинг” корпораци болон Европын өрсөлдөгч “Эбус” концерн төрөөс тусламж авсан гэх маргаан 16 жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа юм. Ингээд Дэлхийн худалдааны байгууллагаас нисэх онгоц үйлдвэрлэгч энэ хоёр корпорацид тэтгэмж олгох нь зохисгүй үйлдэл гэж үзжээ. 2019 онд энэ байгууллага АНУ-д Европын 7.5 тэрбум еврогийн нийт өртөгтэй бараа, үйлчилгээнд гаалийн татвар ногдуулах эрх олгосон. Энэ зөвшөөрлийн дагуу АНУ “Эбус”-ын онгоцонд 15 хувийн гаалийн татвар, өргөн хэрэглээний хүнс болох сүүн бүтээгдэхүүн, жимс, дарс, бяслаг, чидун жимсний тосонд 25 хувийн гаалийн татвар ногдуулсан.
Тэгвэл Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шийдвэрийг Америкийн “Боинг” корпорациас эрс шүүмжилсэн байна. Европын холбоо Америкийн ямар нэгэн бараа бүтээгдэхүүнд хариу арга хэмжээ авах ямар ч бодитой үндэслэл алга байна гэж “Боинг”-ийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
Харин Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Эбус” концерн Дэлхийн худалдааны байгууллагын шийдвэрт талархаж буйгаа мэдэгдсэн байна. АНУ-ын бараа бүтээгдэхүүнд торгуулийн татвар ногдуулах нь хууль бус тэтгэмжтэй холбоотой сунжирсан маргааныг шийдвэрлэхэд дөхөм болно гэж мэдэгджээ. Ерөнхийдөө Евро комиссоос авах, өрсөлдөөний нөхцөлийг тэнцвэржүүлэх арга хэмжээг “Эбус” үг дуугүй дэмжих болно гэсэн байна.
Эх сурвалж: Forbes