Аавтайгаа ажилласан он жилүүд миний амьдралын хамгийн сайхан түүх...
Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Ганболдын Болдхуяг бригадын даргаар ажилладаг. Тэрээр хамт олноо удирдан МШЦ-3, 4, 6, 7–р тээрмийн барабаныг шинээр сольж угсрах, суурилуулах, тохируулах, хоёрдугаар шатны нунтаглалтын уян схем шинээр туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Түүнээс гадна бүтээмж чанарын дугуйлан, сайн саналын систем, 5С зэрэг бүтээмжийн хөдөлгөөний ажлуудад ч идэвх санаачилгатай оролцож иржээ. Түүний хэрэгжүүлсэн төсөл, санаачилсан ажил нь хөдөлмөр хөнгөвчлөх, ажлын байрны эрсдэл бууруулахын зэрэгцээ эдийн засгийн үр ашгаа өгсөөр...
Г.Болдхуяг аюулгүй ажиллагчийн жагсаалтад дөрөв дэх удаагаа бичигдэж үйлдвэрийн зардлаар Бээжинд аялсан шилдэг ажилтан. Түүгээр ч зогсохгүй үеийн нөхдөө үлгэрлэж, үр бүтээлтэй ажилласан Г.Болдхуягт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас орон сууц бэлэглэсэн юм. Залуу хүн завгүй байх сайхан гэж ярих түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Төрсөн нутаг хаана вэ?
-Би 1985 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. Эрдэнэтэд 1990 онд аав, ээжтэйгээ шилжиж ирсэн. Аав маань 80-аад оны эхээр Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт ажиллаж байсан гэдэг. Дунд нь түр завсарлаад эргэж ирэхдээ Өөрөө нунтаглах хэсэгт бутлуурчнаар ажилласан. Тэгээд 2013 онд аав маань гавьяаны амралтад гарсан даа.
-Өөрөө аавынхаа ажлыг залгамжилсан уу?
-Аавын оронд манай дүү Г.Нямаа бутлуурчнаар ажилд орсон. Би 2007 онд Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон шүү дээ. Аавтайгаа мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бахархдаг. Миний амьдралын хамгийн сайхан, мартагдашгүй түүх юм даа.
-Уурхайчны хүүхэд байсан дурсамжаа хуваалцаач?
-Би дөрвөн хүүхэдтэй айлын том. Биднийг бага байхад аав маань ээлжээс бууж ирээд олигтой амарч чаддаггүй байсан байх. Би томхон болоод дүү нартаа “Аав маань хүнд ажил хийдэг, шөнө нойргүй хонодог” гэж хэлж ойлгуулаад чимээгүй байлгах гэж хичээдэг байж билээ. Хүүхэд байхдаа аавынхаа ажлыг очиж үзээд аварга техник, сүрдмээр тоног төхөөрөмжүүдийг хараад дуу алдан бахархаж билээ. Эцэстээ энэ ажил мэргэжлийг сонгоход тэр бахархал нөлөөлсөн.
-Сурлагаар хэр хүүхэд байв?
-Би 10-н жилийн сургуулиа 2003 онд ангийн дарга, “Онц сурлагатан” туузтай төгссөн. Тэгээд ШУТИС-ийн хэвлэлийн график дизайны ангид элсэн суралцах хуваарь авсан ч санхүүгийн боломжгүй шалтгаанаар чөлөө авсан юм. Тэгээд аавтайгаа зөвшилцөж байгаад Эрдэнэт үйлдвэрийнхээ дэргэдэх Технологийн сургуулийн баяжуулагчийн нэг жилийн курст суралцаж мэргэжил эзэмшсэн. Ер нь Эрдэнэт үйлдвэрт ажиллах далдхан хүсэлтэй явсан л даа. Төгсөхдөө шалгалтдаа хамгийн өндөр оноо авснаар Эрдэнэт үйлдвэрт ажиллах үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно. Ингээд 2007 оны зургаадугаар сард сонгон шалгаруулалтаар ажилд орж байлаа.
-Ажилд орсон анхны сэтгэгдэл ямар байв?
-Хүүхэд байхдаа үйлдвэрийн автобусны цуваа харах их дуртай байсан болохоор ажлын анхны өдөр автобусандаа суугаад үйлдвэр рүү “өгсөхөд” сэтгэл огшсон. Цагдаагийн машинаар хамгаалуулсан автобусны цувааг бусад машин хүндэтгэн зогсож өнгөрөөхийг үзээд Монголын бахархалт үйлдвэрт ажилд орсондоо үнэхээр баярлаж, хичээнэ дээ л гэж бодож явсан.
-Тэр бодол одоо өөрчлөгдсөн үү?
-Улам л лавширсан. Одоо би Эрдэнэт үйлдвэрт 13 дахь жилдээ ажиллаж байна. Анх баяжуулагч Н.Эрдэнэцогт ахыгаа дагалдаад алдаа гаргачихгүй юмсан гэж хичээж явсан бол одоо өөрөө хэд хэдэн шавьтай болчихлоо. Үйлдвэрийн ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэж дүү нар ажилд орж байна. Тэдэнд үлгэр дуурайлалтай ажиллахыг хичээдэг. Хүнд шаардлага тавих, хэлж ярихаас илүү биеэрээ үлгэрлээд үзүүлчихье л гэж боддог доо.
-Олон шавьтай юу?
-Гурван шавьтай. Гэхдээ багш, шавийн барилдлагагүй ч сурч хөгжихийг хүссэн хүн бүхэнд зөвлөн тусалж ажиллахыг зорьдог. Угаасаа, бие биедээ хэлж зааж, зөвлөж ажиллахгүй бол үйлдвэрийн үйл явц тоглоом биш.
-Үндсэн ажлынхаа зэрэгцээ бүтээмжийн хөдөлгөөнд оролцдог уу?
-Бүтээмжийн хөдөлгөөнд 2009 оноос идэвхтэй оролцож ирсэн. Сайн саналын системээр дамжуулан 400 гаруй санал гаргасан. Эндээс 350 орчим нь үнэлэгдсэн. Жилд хамгийн багадаа хоёр төсөл хэрэгжүүлж, хоёроос гурван сайжруулалтын ажил хийдэг.
-Томхноос нь дурдвал..?
-Тээрмүүдийн араанд хэрэглэдэг нигролын тос доошоо шууд хаягддаг. Тэр нь хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа доод талбай цэвэрлэхэд халтиргаа гулгаа үүсгэдэг. Мөн насосоор шахагдаад баяжуулалтад сөрөг үр дагавар үзүүлдэг байсан. Үүний шийдлийг олж төсөл хэрэгжүүлснээр бүх тээрэм дээр энэ хүндрэл арилсан.
-Бригад ахалж ажиллахад хариуцлага өндөр үү?
-Өмнө нь бригадын даргыг орлодог байсан. Жинхлээд дөрвөн жил болж байна. Хариуцлага өндөр шүү. Хүмүүсийнхээ ажлыг зохион байгуулна, багийг удирдана. Ажилд өөрөө манлайлж оролцдог.
-Ажлаас гадна урлаг, спортын ямар нэгэн төрлөөр хичээллэдэг үү?
-Би сагс, волейбол тоглодог байсан юм. Баяжуулах үйлдвэрийнхээ тэмцээнд хэсгээ төлөөлж олон жил амжилттай тоглосон. 2013 онд өвдгөндөө шөрмөсний гэмтэл авснаас хойш зааланд тоглохыг хорьсон. Тэгээд жин нэмсэн дээ. /инээв/
-Одоо жингээ яаж барьж байна?
-Зуны улиралд дугуйгаар ажилдаа ирж буцдаг. Хамт олонтойгоо дугуйн аялал зохион байгуулдаг. Сүүлийн үед усан спортоор хичээллэж байна. 2018 онд сонирхогчдын усанд сэлэлтийн тэмцээний өврөөр даллах, мэлхий сэлэлт, багийн төрөлд оролцож нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.
-Урлагийн ямар авьяастай вэ?
-Эрдэнэт үйлдвэрт ажилд ороод л урлагаар амьсгалж эхэлсэн дээ. 2010-2013 онд Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх цэнгээнт бүжгийн “Эрдэнэс” хамтлагт бүжигчин байсан. Тэр жилүүдэд “Хаврын баяр”-т манай хамтлаг дандаа түрүүлдэг байлаа. Бид нэг сар ажлаас чөлөөлөгдөөд есөн бүжиг дэглээд тайлан тоглолтоо хийж байлаа шүү дээ.
-Сурагч байхаасаа бүжиглэсэн үү?
-Үгүй ээ. Уурхайчин болоод л бүжиг рүү орсон. Манай боловсон хүчин байсан Эрдэнэцэцэг эгч нэг өдөр намайг дуудаад “Чи бүжиглэдэг үү?” гэж асуусан. Би “Ёстой чадахгүй” л гэлээ. Тэгсэн “Одоо сурна аа, маргааш зааланд очоорой. Ажлаас чинь чөлөөлсөн” гэдэг юм. Бүжиглэнэ гэхээр үнэндээ санаанд багтахгүй байсан. Тэгээд сурдаг л юм билээ. /инээв/ Урлаг, спорт надад их зүйлийг өгсөн. Хөдөлгөөний эв дүйтэй болсон. Адаглаад л вальс эргээд сурчихлаа. Манай Эрдэнэт үйлдвэр шиг ажилчдаа бүхий л талаар хөгжүүлдэг газрыг би лав мэдэхгүй. Үнэхээр сайхан орчин нөхцөл бүрдсэн газар гэж ам бардам хэлмээр байна
-Баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.
М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.