Эрдэмтэд коронавирус гөлгөр, тэгш гадаргуу дээр 28 хоног амьдрах чадвартай болохыг тогтоожээ
Коронавирус мөнгөн дэвсгэрт, гар утас, цаас болон хуванцар зэрэг гөлгөр, тэгш гадарга дээр 28 хоног амьдрах чадвартай болохыг Австралийн судалгааны баг тогтоожээ. Өөрөөр хэлбэл коронавирусний эд зүйлсийн гадарга дээр амьдрах чадвар өмнө нь тооцоолж байснаас илүү удаан байх чадвартайг Австралийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн судлаачид, туршилт хийж тогтоосон байна.
Тэдгээр эрдэмтэд коронавирусний амьдрах чадварын дээд хэмжээг тогтоохын тулд туршилтыг гар утасны дэлгэц, цаасан болон хуванцар эдлэл, мөнгөн дэвсгэрт дээр, тасалгааны температурт буюу целсийн 20 хэмд, гэрэлгүй, харанхуй орчинд хийжээ. Яг ийм орчинд томууны вирус 17 хоног тэсдэг байхад коронавирус 28 хоног амьдрах чадвараа алдаагүй байна. Гэхдээ коронавирусний амьдрах чадвар хүйтнээс илүү халуун орчинд богиносож байгаа нь тогтоогджээ.
Цельсийн 40 хэмийн халуун орчинд эд зүйлсийн гадаргуу дээрх коронавирус 24 цагийн дотор халдварлах чадвараа алдаж байсны зэрэгцээ тэгш гөлгөр гадаргуу дээр илүү удаан амьдардаг, тэгш бус гадаргуу дээр богино амьдарч байгаа нь туршилтаар тогтоогдсон байна. Иймээс гялгар, гөлгөр, тэгш гадаргуутай эд зүйлсийг тогтмол ариутгаж байх тухай олон улсын эмч мэргэжилтний зөвлөгөөг дагаж мөрдөж байхыг зарим хэвлэлд онцолсон байна.
Эх сурвалж: BBC