"Facebook" нас барсан хэрэглэгчдээ хүндэтгэхэд хиймэл оюун ухаан ашиглана
Facebook нас барсан хэрэглэгчдийнхээ цахим хуудасны үйл ажиллагааг зохицуулахад хиймэл оюун ухаан ашиглахаар ажиллаж байна. Цахим хуудсаа устгаж амжилгүй өөд болсон хэрэглэгчдийг санамсаргүй байдлаар үйл ажиллагаанд урих, төрсөн өдрийн мэнд хүргэхийг сануулах зэрэг тохиромжгүй, хайртай дотны хүмүүсийг нь эмзэглүүлсэн үйл явдал нилээдгүй тохиолддог.
2009 оноос хойш Facebook-ын 30 сая хэрэглэгч сар бүр найзынхаа бичсэн пост, нэрийг эргэн дурсах үйлчилгээг авч эхэлсэн. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар эргэн дурсах хүн нь амьд байвал хэсэг хугацаанд танд сануулж, харин нас барсан байвал танд харагдахгүй байх юм. Мөн Facebook-ын таалал төгссөн хэрэглэгчид эмгэнэл илэрхийлэх, хүндэтгэл үзүүлэх тусдаа орон зайг бий болгох юм байна.
Таны Facebook-ын найз таалал төгссөн бол хамт авахуулсан зурагныхаа tag-ыг арилгаж, пост хэнд харагдахыг тохируулах эрхтэй болно гэжээ. Ингэснээр хайртай нэгнээ алдсан ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэн нь сэтгэл санаагаар унагахгүй байхад тустай хэмээн тайлбарласан байна.
Харин нас барсан хэрэглэгч 18 нас хүрээгүй бол түүний асран хамгаалагч Facebook компанид хүсэлт илгээн мэдэгдэх боломжтой. Түүнчлэн томоогүй найзууд хэн нэгийгээ таалал төгссөн гэж Facebook компанид хуурамч мэдээлэл ирүүлэхээс зайлсхийсэн хэд хэдэн өөрчлөлт багтсан байна. Энэ бүгдийг хиймэл оюун ухаанаар зохицуулна.
“Хайртай дотны хүнээ алдсан ч Facebook таны дурсамжийг хадгалах газар хэвээр үлдэнэ” гэж тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сэндберг ярьжээ.
Эх сурвалж: BBC