АНУ-ын төсвийн алдагдал 3.1 их наяд ам.долларт хүрчээ
Хууль тогтоогчид болон Цагаан ордон коронавирусын хямралын үед санхүүгийн зөвшилцөлд хүрч чадаагүй ч холбооны төсвийн алдагдал 2020 оны санхүүгийн жилд түүхэн дээд хэмжээ буюу 3.1 их наяд долларт хүрчээ.
Холбооны төсвийн алдагдал 2020 оны санхүүгийн жилд 3.1 их наяд долларт хүрсэн нь 2019 оны төсвийн алдагдлаас гурав дахин өссөн тоо байна гэж Конгрессын Төсвийн албанаас Пүрэв гарагийн үдээс хойш гаргасан сарын төсвийн тоймоор онцолжээ.
Энэ нь 1945 оноос хойших хамгийн өндөр алдагдал болохыг тайланд цохон тэмдэглэж, алдагдлын хэмжээ ДНБ-д эзлэх хувь нь сүүлийн 5 жилд тасралтгүй нэмэгдсэн болохыг тэмдэглэжээ.
2020 оны санхүүгийн жилийн эхний хагаст буюу 2019 оны 10-р сараас 2020 оны 3-р сард төсвийн алдагдал ердөө 8 хувиар өссөн боловч дараагийн зургаан сард нь коронавирусын цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алдагдлын хэмжээ 8 дахин нэмэгдсэн байна.
Гэхдээ энэ бол гэнэтийн зүйл биш бөгөөд 3.1 их наяд долларын алдагдлын тооцоо нь Конгрессийн 9-р сард төлөвлөсөн хэмжээгээс 180 тэрбум ам.доллараар бага байна.
Энэ хугацаанд засгийн газрын орлогын бүрдүүлэлт 3.4 их наяд доллар болсон нь төлөвлөснөөс ойролцоогоор 123 тэрбум ам.доллараар нэмэгджээ.
Үүний зэрэгцээ тооцоолсон зардал буюу зарцуулсан мөнгө нь ойролцоогоор 6.6 их наяд ам.доллар болсон нь төлөвлөснөөс 56 сая ам.доллараар бага байжээ.
2020 оны санхүүгийн бодит алдагдал энэ сарын сүүлээр гарах бөгөөд Пүрэв гарагт АНУ-ын Сангийн яамнаас гаргасан өдөр тутмын мэдэгдлүүд дээр үндэслэн тооцоолох юм байна.
Эх сурвалж: Forbes