Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд зайнаас орохоос татгалзав
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нар ерөнхийлөгчийн туслахуудын нэг болох Хоуп Хикс-ээс коронавирусын халдвар авсан нь батлагдсан.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Fox Business Network"-т ярилцлага өгөхдөө дэд ерөнхийлөгч асан Жо Байдентай виртуал мэтгэлцээнд оролцохоос татгалзжээ. Оронд нь тэрбээр өөрийн биеэр ирэх гэнэ.
Түүнчлэн Трамп хоёр намын мэтгэлцээний комиссыг өрсөлдөгчийг нь “хамгаалах” гэж оролдсон хэмээн буруутгасан байна. Тэрбээр тун удахгүй дараагийн COVID-19-ийн шинжилгээнд хамрагдах ажээ.
Ерөнхийлөгчийн мэтгэлцээний комиссоос Трамп, Байден нарын аравдугаар сарын 15-нд болох дараагийн мэтгэлцээн виртуал хэлбэрээр явагдана гэж мэдэгдээд байсан юм.
“Модераторын үүргийг C-Span сувгийн гүйцэтгэх продюсер Стив Скалли гүйцэтгэх бөгөөд Флорида мужийн Майами хот дахь "Adrienne Arsh" төвд мэтгэлцээнийг зохион байгуулна. Цагаан ордны төлөөлөгчийн газар Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн мэтгэлцээний талаар мэдээлэх болно "гэж мэтгэлцээний комисс мэдэгджээ.
Эдгээр арга хэмжээг “Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн мэтгэлцээнд оролцсон бүх хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор” авч байна гэж мэдэгдэлд дурдсан байна.
10-р сарын 2-нд Трамп Ковид-19-ийн шинжилгээгээр эерэг гарсан тул тэрбээр Уолтер Рийдийн эрүүл мэндийн төвд хэвтсэн. Трампын эмч нар амралтын өдрүүдэд түүнийг өндөр халуурч, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хоёр дахин буурсан гэж мэдэгдсэн билээ.
10-р сарын 5-нд эмнэлгээс гарсны дараа Трамп өөрийн биеийн байдлаа сүүлийн 20 жилд байгаагүй сайн байгаа гэдгээ хэлж, америкчуудыг КОВИД-19-ээс эмээхгүй байхыг уриалав.
Трамп ирэх долоо хоногт болох Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн мэтгэлцээнд оролцохоор тэсэн ядан хүлээж байгаагаа мөн илэрхийлжээ.
Эх сурвалж: geopolitics.news