Амазон компани цахилгаан машинаар бараагаа хүргэж эхэлнэ
"Amazon" компани өнгөрсөн баасан гаригт хүргэлтийн анхны цахилгаан тээврийн хэрэгслээ танилцуулжээ. Тус компани арван жилийн дотор ийм төрлийн 100,000 автомашинтай болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Энэхүү тээврийн хэрэгслийг Мичиган мужид байрладаг "Rivian" компани үйлдвэрлэх бөгөөд Амазон 2021 онд анхныхаа загварыг нийлүүлэхээр зорьж байгаа аж. Эдгээр машинууд нь нэг удаагийн цэнэглэлтээр 300 км явах боломжтой юм байна.
Жолооч нар "Amazon"-ы нэгдсэн хиймэл оюун ухааны "Alexa" програмыг ашиглан замын маршрут, хөдөлгөөний эрчим, цаг агаарын мэдээллийг гар оролцоогүй авах боломжтой гэж тус компани мэдэгдэв.
Дээрх тээврийн хэрэгсэл нь гадна талын камерыг дэлгэцтэй холбож, жолооч тээврийн хэрэгслийн орчныг 360 градусаар харах боломжийг олгох гэнэ.
Үүний дээр жолоочийн бүхээг дотор том талбайтай бөгөөд үүнийг "бүжгийн шал" гэж нэрлэжээ.
Цахим худалдааны акул "Amazon", цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч "Rivian" компанитай хамтран уг тээврийн хэрэгслийн загварыг гаргажээ. Тус 2 компани хамтарч ажиллах болсноо өнгөрөгч хоёрдугаар сард анх зарлаж байсан бөгөөд цахилгаан хөдөлгүүртэй өөр хоёр тээврийн хэрэгслийн загварыг хамтран гаргахаар ажиллаж байна.
"Amazon" компани зохих цахилгаан машиныг зах зээл дээрээс олж чадаагүй тул "Rivian"-тай түншилсэн гэж мэдэгджээ. Хоёрдугаар сард түншлэлийн тухай зарласны дараа "Rivian" шинэ хөрөнгө оруулагчдыг ядах юмгүй татаж чадсан ба одоогийн байдлаар бусад цахилгаан тээврийн хэрэгслүүдийн стартапуудаас илүү их хөрөнгө босгоод байна.
Энэхүү цахилгаан хүргэлтийн машин нь "Amazon"-ы цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэнэ гэсэн амлалтын нэг хэсэг юм. 2040 он гэхэд тус компани нүүрстөрөгчийн ялгаруулалтаа тэг болгохыг зорьж байгаа билээ.
Наймдугаар сард "Amazon" Европт хүргэлт хийх 1800 ширхэг цахилгаан "Mercedes-Benz" загварын ачааны машин захиалсан бөгөөд 2020 оны эцсээр тэдгээрийг ашиглаж эхлэх юм байна.
Эх сурвалж: businessinsider.com