Коронавирусийн өмнө тэрбумтнууд “хүчгүйдэж” байна
Дэлхийн хэвлэлүүдэд өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт дэлхийн баячууд коронавирусийн халдварын улмаас олон тэрбум долларын хохирол амсч байгаа талаар мэдээлж эхэлсэн. Гэхдээ хамгийн их хохирол амссан арван тэрбумтаны дунд Азийн нэг ч бизнесмен байхгүйг “Forbes” онцолжээ.
“Covid 19”-ийн дэгдэлтийн улмаас хамгийн их алдагдал хүлээсэн 10 тэрбумтны жагсаалтыг дэлхийн хамгийн баян хүн, “Амазон”-ыг үндэслэгч Жефф Безос тэргүүлсэн байна. Тэрбээр долоо хоногт 14.1 тэрбум долларын алдагдал хүлээжээ.
Жагсаалтын хоёрдугаарт, хөрөнгө оруулагч, дэлхийн дөрөв дэх баян хүн Уоррен Баффет 9.8 тэрбум долларын алдагдлаараа бичигдсэн байна.
Мөн “Google”-ийг үүсгэн байгуулагч Ларри Пейж, Сергей Брин нар хамгийн их алдагдал хүлээсэн 10 тэрбумтны тоонд багтжээ. Тэдний алдагдал 7,3 болон 7 тэрбум доллараар хэмжигдэж байгаа аж. Жагсаалтад “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс (хасах 6.6 тэрбум), “Zara” сүлжээг үүсгэн байгуулагч Амансио Ортега (хасах 6.1 тэрбум) тус тус багтжээ. Долоо хоногт эдгээр бүх бизнес эрхлэгчдийн нийт хохирол 83 тэрбум доллар давсан байна.
Өмнө нь “Bloomberg” агентлаг дэлхийн хамгийн баян эрхмүүд коронавирусийн халдварын улмаас долоо хоногт нийт 444 тэрбум доллар алдсан хэмээн тооцоолж байв. Тус агентлагийн мэдээлснээр, дэлхийн хамгийн баян хүмүүсийн 80 хувь нь коронавирусийн халдварын улмаас алдагдал хүлээжээ.
Коронавирусийн тархалтын улмаас дэлхийн эдийн засгийн идэвх суларч, дэлхийн тэргүүлэгч компаниудад ч хүндхэн цохилт болж буй юм. Тухайлбал, “Apple” компанийн хувьд коронавирусийн халдварын улмаас үйлдвэрлэлийн алдагдал үүсч байгаа аж. Гэвч тус компанийн Гүйцэтгэх захирал Тим Күк "Шинэ коронавирус “Аpple” компанийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд төдийлөн их нөлөө үзүүлэхгүй” гэж хэлжээ.
Коронавирусийн тархалтын улмаас энэ оны 3-р улирлын борлуулалт нь төлөвлөгөөндөө хүрэхгүй болсныг Apple компаниас өмнө нь мэдэгдэж байв. Хятадад үйлчлүүлэгчдийн тоо буурсан нь iPhone-ий борлуулалтад муугаар нөлөөлж эхэлжээ. Хятад улс нь iPhone-ий хамгийн том зах зээлд тооцогддог бөгөөд Apple-ийн нийт орлогын 15 хувь нь Хятадын зах зээлээс бүрддэг аж.
“Apple” энэ оны 3-р улиралд 63-67 тэрбумын орлого олох төлөвлөгөөтэй байсан байжээ. Зарим шинжээчид Хятадын зах зээл дэх iPhone-ий борлуулалт нэгдүгээр улиралд 50 хувиар буурна гэж тооцоолжээ.
Эх сурвалж: Bloomberg